Яармагийн гүүрээс Баянзүрхийн товчоо хүртэл дугуйн замтай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлын явцтай танилцлаа.
Туул голын эрэг дагуу иргэд,
гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд
залуучуудад зориулсан спортын талбай, тоглоомын
талбай, түргэн хоол, кофе шоп зэрэг худалдаа үйлчилгээний цэг, нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоолоос гадна, нийт 22 орчим км явган хүний болон дугуйн замтай нийтийн эзэмшлийн цогцолбор барихаар тогтов. Уг бүтээн
байгуулалтын ажлыг 26 аж ахуйн нэгж нэгдэн хэрэгжүүлэхээр тогтсоноо хотын захирагчид танилцуулав.
Үүний дараа хотын удирдлагууд Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцаж, Баганат хаалганы орчимд овоолсон шороо, элс
хайргыг зайлуулж, ногоон байгууламж болгон тохижуулахыг тус хүрээлэнгийн
орлогч дарга Б.Алтансүхэд даалгалаа.
Яармагийн шинэ гүүрний орчмыг тохижуулж, мод суулгасан байсныг “Уран ган” компани сүйтгэсэн. Үүнтэй холбоотой иргэдээс
ирүүлсэн гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай мөн танилцаж, газрын маргаан үүсгээд буй “Уран
ган” компанид асуудлаа хууль дүрмийн дагуу шийдүүлэхийг хүсээд, элдэв үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх
шаардлага тавив.