УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-02 10:34:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.18 цагт 60 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Билэгт, О.Баасанхүү нар “Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн хэрэг олноор гарч, цахим орчинд олны анхаарлын төвд ороод байна. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг ярих хэрэгтэй байна” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах Түр хорооны даргыг томилох асуудлыг нэн даруй хэлэлцэх хэрэгтэй хэмээв. Учир нь Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны төлөөлөл Монголд ирсэн бөгөөд өнөөдөр 12.00 цагт Түр хорооны гишүүдтэй уулзахаар төлөвлөснийг дурдав.


Чуулганаар Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжийн мэдээллийг авах, олон нийтэд мэдээлэх болон Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар, “Бага насны хүүхдийн эрхийг хамгаалах асуудал чухал. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ХЗДХ-ийн сайдад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр асуулга тавьсан. Бусад гишүүн ч мөн энэ асуудлаар холбогдох сайд нарт асуулга тавих, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой. Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүний тэр дундаа хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар судалж байгаа. Харин Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ажлын баг гаргах болсон. Оффшорын асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэний дараа чуулганаар хэлэлцэх боломжтой” гэлээ.


Ийнхүү чуулганаар УИХ-ын гишүүн Я.Санжмятавын саналын дагуу Түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ