Мал сүргийг усаар бүрэн хангах боломжгүй байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж
ахуйн байнгын хорооны хуралдаанд мал төллөлт, хаврын тариалалт,
хаваржилтын нөхцөл байдлын
талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр дэлгэрэнгүй
мэдээллээ.
Тэрээр, 2018 оны
эцсийн мал тооллогын дүнгээр манай улсын мал сүрэг 66.5 сая толгойд хүрч, 2017 оныхоос
240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өссөнийг онцоллоо.
“Мал аж ахуйн салбар ДНБ-ний 10.6 хувь,
экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж нийт хүн амын гуравны нэгийг шууд,
гуравны хоёрыг шууд бус байдлаар ажлын байраар хангаж байна. Мал аж ахуйн
салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсөж 2018 онд 3.7 их наяд
төгрөгт хүрч өмнөх оныхоос 5.9 хувиар нэмэгдлээ. Мал аж ахуйн гаралтай
бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 580 сая ам.долларт хүрч өмнөх оны
экспортоос 263.5 сая ам.доллароор буюу 1.8 дахин өссөн дүнтэй байна” гэв.
Мал аж ахуйн өвөлжилт,
хаваржилтын бэлтгэлийг дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангасан
дүн гарсан. Өнгөрсөн оны долдугаар сарын дундаас нийт нутгаар их хэмжээний
бороо орсноор бэлчээрийн ургац сайн байж, мал тарга хүч сайн авсан, өвөл цас
багатай ч дулаахан өвөл болсон, бүх шатандаа мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын
бэлтгэлийг сайн хангасны үр дүнд өвлийг өнтэй давлаа.
Өнгөрсөн намар орон
нутгаас зах зээлд борлуулах малын судалгаа авахад 15.1 сая толгой малыг эдийн
засгийн эргэлтэд оруулах дүн гарсан ч, өнгөрсөн өвөл малчид 18 орчим сая
толгой малыг зах зээлд борлуулжээ. Энэ нь тооцоолж байснаас 2.1 сая толгойгоор
илүү байгааг мэдээлэв.
Хаваржилтын цаг үеийн
байдлын талаар мэдээлэхэд өнгөрч буй дөрөвдүгээр сарын сүүлийн байдлаар манай орны
нийт нутгаар бараг цасгүй байна. Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь,
Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд хуурайшилт
ихтэй бол Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь,
Завхан, Орхон, Өвөрхангай, Төв зэрэг аймаг бага зэргийн хуурайшилттай байна.
Булган, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймагт малын ус хангамж
хүрэлцээгүй, шинэ худаг гаргах хэрэгцээ их, харин Говьсүмбэр,
Сүхбаатар аймагт үлийн цагаан оготны тархалт ихсэж байгаа аж.
ХХААХҮ-ийн
сайд Ч.Улаан хэлэхдээ, “Манай яам дээрх
байдалд дүгнэлт хийж эхний удаад “Бэлчээр хамгааллын ажлыг
эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл бэлтгэж яамдаас санал
авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгээд
байна. Тогтоолын төсөлд үлийн
цагаан оготны хөнөөлийг багасгах зорилгоор 645 мянган га
талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн
хэмжээг нэмэгдүүлж, бэлчээр хамгааллын өдөртэй болох зэрэг асуудлыг тусгаад
байна” гэв.
Оны эхэнд 29.7 сая эх
мал тоолж, 20 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй
байна. Одоогоор эх малын 53.7 хувь буюу 15.9 сая хээлтэгч
төллөж 15.6 сая төл бойжиж байна. Төл бойжилт 98.6 хувьтай
байна. Аймгаар авч үзвэл, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь,
Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймагт мал
төллөлт 50-иас дээш хувьтай байна. Хөдөөгийн хүн ам, мал
аж ахуйг усаар хангах талаар тодорхой саналыг та бүхний сонорт хүргэх зайлшгүй
шаардлагатай байна. Манай улс 2018 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж
ахуйг усаар хангах зориулалт бүхий инженерийн хийцтэй 14.332, энгийн уурхайн буюу гар худаг
29.345, нийт 43.677 мянган худагтай байна. Малын тоо, толгойноос харахад 80 гаруй сая
малыг хагас жил усаар хангах томоохон зорилт өнгөрсөн жил тавьж байсан
байдал энэ
онд давтагдаж байгааг
хэлэв.
Одоо байгаа нийт
худаг 66.5 сая толгой малыг усаар бүрэн хангах боломжгүйг тэрээр
хэлээд, “Малчид өвөл, хаврын бэлчээртээ гол төлөв гар худаг, зун намрын
бэлчээртээ инженерийн хийцтэй худаг ашигладаг. Нийт гар худгийн 80 орчим
хувийг өвөл, хаврын улиралд ашигладаг. Цас багатай өвөл мал
усаар дутагдаж тарга хүчээ алдах явдал байнга тохиолдож, цаашид ч энэ байдал
улам хүндрэх төлөвтэй байна” гэв.
Тэрээр,
мал, мах бэлтгэлд
оролцож буй ААН-үүдийн бэлтгэсэн махны талаар товч танилцуулахдаа, “Энэ оны хаврын мах бэлтгэлийг арилжааны
банкны эх үүсвэрээр, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар зохион байгуулж
эхлээд
байна. Тухайлбал “Баатрууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар
мах маркет” ХХК-иуд дөрвөн мянган тонн үхэр, хонь,
ямааны ястай махыг бэлтгэсэн. Манай яам гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл
ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан үхэр, хонь, ямааны махыг тогтоосон
үнээр буюу зах зээл дэх жижиглэнгийн үнээс 14-31 хувиар хямд үнээр, үхрийн
ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500
төгрөгөөр нийслэлийн 6 дүүргийн 60 гаруй хүнсний дэлгүүрээр
худалдаж байна.
Энэ нь хүн амын хүнсний
хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх улирлын хамаарлыг
бууруулахад тодорхой үр дүнтэй ажил болно гэж төлөвлөж байна” гээд, “Мах, махан бүтээгдэхүүний экспорт жилээс
жилд нэмэгдэж, 2018 онд үхрийн мах 27.9 мянган тонн, адууны мах 33.6 мянган
тонн, экспортлох квоттой байснаас экспортын гүйцэтгэлээр адууны мах
32.2 мянган тонн, үхрийн мах 1.1 мянган тонн, хонь, ямааны мах 6.15 мянган
тонн, дайвар бүтээгдэхүүн 1.64 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан махан
бүтээгдэхүүн 18.1 мянган тонн, боловсруулсан махан
бүтээгдэхүүн /лаазалсан, хиам, утсан гэх мэт/ 11.1 мянган тонн, нийт
70.4 мянган тоннд хүрсэн байгаа”-г мэдээллээ.
Мах, махан
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлснээр Засгийн газрын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусгасан мах, махан бүтээгдэхүүний
экспортын хэмжээг 50 мянган тоннд хүргэх зорилтыг 2018 оноос эхлэн ханган
ирсэн”-ийг
дурдав.
Мах, махан
бүтээгдэхүүний экспортын орлого 2018 оны экспортын гүйцэтгэлийн дүнгээр нийт
160 сая орчим ам.долларт хүрч орлого нэмэгджээ. Энэ нь Монгол Улсын гадаад
валютын орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн эмзэг
байдлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус эдийн засгийн
бодит салбарыг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэв.
Цаашлаад газар
тариалангийн салбарын үйлдвэрлэлийн талаар мэдээлэхдээ, “Энэ жил улсын хэмжээнд
387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган
га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган
га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д
тариалалт хийнэ. Төлөвлөснөөр 508.0 мянган тонн үр тариа, үүнээс 487.0
мянган тонн улаанбуудай, 64.0 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган
тонн тосны ургамал, 166.0 мянган тонн төмс, 107.0 мянган тонн хүнсний ногоо тус
тус хураан авна.
Ингэснээр буудай,
төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг
дотоодын ургацаас хангаж, улмаар 386 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж
бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг 885.0 мянган га-д хүргэж ашиглалтыг
сайжруулах зорилтыг дэвшүүлж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна” гэв.
Дээрх зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн
таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй ААН, иргэн, төмс, хүнсний ногоо,
жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй ААН, хоршоо, 35.0
мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгааг мэдээллээ.