Үндсэн чиглэлийн биелэлтийг 71.5 хувьтай дүгнэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.
Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар УИХ-ын гишүүн, тайланг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн ахлагч Я.Содбаатар танилцуулав. Ажлын баг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 71.5 хувьтай дүгнэхээр Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөлд тусгажээ. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хэрэгжилт 50.9 хувтай байна хэмээн үзэж, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогын хүрээнд институцийн чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн бус салбарын экспортыг дэмжихэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг санал, дүгнэлтдээ дурдсан байна.
Үндэсний аудитын газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулсан. Аудитын байгууллага Үндсэн чиглэлийн биелэлтийг “Үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ оновчтой төлөвлөгдсөн эсэх”, “Хариуцан хэрэгжүүлэгч байгууллага зорилт, арга хэмжээний биелэлтийг хангахуйц ажлыг зохион байгуулж, гүйцэтгэл, үр нөлөөг тооцсон эсэх” гэсэн хоёр дэд зорилтын хүрээнд хянажээ. Үндсэн чиглэлд тусгасан ажлыг хэрэгжүүлэх байгууллагууд төрөөс батлан гаргаж буй хөгжлийн бодлогын баримт бичгийн хэтийн зорилтод бүрэн үндэслэдэггүй, хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулж тооцоогүй зэрэг зөрчил гарч байгааг адуитын тайланд дурдсан байна. Тухайлбал, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн байна. Гэтэл Сангийн яаманд бусад яам, агентлагаас ирүүлсэн үндсэн чиглэлийн төсөлд нийт 13,6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан 514 зорилт тусгажээ. Дээрх аудитын дүнд үндэслэн Үндсэн чиглэлийг 68.4 хувьтай биелсэн хэмээн дүгнэж, УИХ-д 2 санал, төсвийн ерөнхийлөн захирагч нарт 2, Сангийн сайдад 1, ЗГХЭГ-т 5 зөвлөмж хүргүүлжээ.
Танилцуулгын дараа эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодруулав.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариулахдаа, "2016 онд 10 хувь байсан ажилгүйдлийн түвшин одоо 6.9 болж буурсан. Улсын хэмээнд 43.7 мянган аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж бүртгэлтэ байгаа. Эдгээр байгууллагад 704 мянган иргэн ажиллаж байна" гэлээ. Мөн 2018 онд өрхийн мөнгөн орлого 17 хувь, өрхийн мөнгөн зарлага 11.4 хувиар өссөн гэсэн тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өглөө.
Ийнхүү байнгын хороо санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.