“Хуульчийн про боно өдөр”-өөр хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээ үнэгүй үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-30 12:53:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын хуульчдын холбооноос  жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарласан байдаг. Уг өдрийг тохиолдуулан хуульчид маргааш Өлгий хотын Иргэний танхимд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөхөөр болжээ.

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна аймгийн ЗДТГ, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Үйлдвэрчний эвлэл, Хүний эрхийн үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь салбар, нотариатчид, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож үйл ажиллагаагаа танилцуулан үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн нотариатчид бүх төрлийн баримт бичгийн хуулбарыг үнэ төлбөргүйгээр гэрчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас өр төлбөртэй эсэх лавлагаа болон шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй олгох тул иргэдийг ирж үйлчлүүлэхийг зохион байгуулагчид уриалж байна. 

Холбоотой мэдээ