Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, хэмжил зүйн чадамж, үр дүнг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник, технологийг нутагшуулах аргаар эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.
Дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав. Ажлын хэсгээс хуулийн төслийн 19.1 дэх хэсгийн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг тодорхойлсон хэсгийг өөрчлөн найруулж, төсөлд 19.2.4 дэх заалт шинээр нэмэх 22 дугаар саналын томьёоллын “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагыг томилох” гэснийг “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох” гэж өөрчилжээ. Мөн төслийн 22 дугаар зүйлд хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд зөвхөн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт шинээр нэмэх томьёолол бэлтгэсэн байна. Энэ заалттай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.