Хөрөнгө оруулагчдын чуулганаар 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болов

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-18 16:50:01

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс хамтран "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” хөрөнгө оруулагчдын чуулганыг Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.

Завхан аймаг бүс нутгийн онцлог нөөц боломж, давуу тал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан жижиг, дунд үйлдвэрлэлийг байгуулж шинэ ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон ажлыг эхлүүлээд байгаа билээ. Түүнчлэн өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэн төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төв, орон нутгийн байгууллагын үүрэг оролцоог тодорхойлж нэгдсэн шийдэлд хүрэх зорилгоор тус чуулганыг зохион байгуулжээ. 

Чуулганд УИХ, Монгол Улсын Засгийн газар, яам агентлагууд, олон улсын байгууллага, Завхан аймгийн удирдлагууд, эрдэмтэн докторууд, банк санхүү, бизнесийн байгууллага, оюутны холбоод гэхчлэн салбаруудын төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр аймаг, сум орон нутгийн удирдлагуудтай Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй салбар бүрийн төлөөлөл, бизнесмэнүүд, эрдэмтэн докторууд, оюутнууд уулзаж Завхан нутгийнхаа хөгжлийн талаар санал солилцон, хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн чухал уулзалтуудыг хийлээ. Чуулга уулзалтын үр дүнд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил Завхан аймагт хийхээр гэрээ санамж байгууллаа хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 Үйлдвэрлэгч аймаг болох олон талт ажил зохион байгуулж байна

Завхан аймаг иргэдийнхээ саналд тургуурлан “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг”-т шилжих томоохон зорилт дэвшүүлж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгоход чиглэсэн олон ажлыг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал аймгийнхаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах томоохон үзэсгэлэн худалдааг жилд хоёроос гурван удаа өөрийн аймаг болон Улаанбаатар, Эрдэнэт хотод зохион байгуулж байна. Мөн Завхан аймгийн 24 сумын жижиг дунд үйлдвэрлэгч, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд “Нэг сум-Нэг бахархал” аяныг 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зарлаад байгаа бөгөөд сум бүр өөрийн брэндийг бий болгохоор ажиллаж байна.

Аяны хүрээнд сумын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид сумынхаа брэндийг хэрхэн бий болгох талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, сум бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг олонд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах аж. Үр дүнд нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанарын шаардлага хангасан шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, улмаар ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл бий болох зэрэг олон давуу тал бий болно хэмээн аяныг зохион байгуулагчид хэллээ.

Хамгийн гол нь тус аян нь орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн, экспортын барааны нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг бий болгох, хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм байна. Өнөөдрийн байдлаар Завханы 24 сумаас 15 сум өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг зарлаад байгаа бөгөөд бага хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа аж.

Холбоотой мэдээ