Л.Энх-Амгалан: Тусгай хамгаалалтад авах газар төмөр замтай давхцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, тусгай
хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2.1 хувиар нэмэхээр тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад
авах тухай” тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны эцсийн
хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их Онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлийг тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
Мөн Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдэнэ хэмээн үзжээ. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Нийт газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөд өртөж, 300 гаруй зүйлийн ургамал, амьтан устах, олон зуун гол ширгэх эрсдэлтэй байна. Энэхүү тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа"-г илэрхийлээд, тэдгээр газрыг тусгай хамгаалалтад авснаар, бодит үр дүн гарах эсэхийг асуув. Мөн тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа малчид, малын бэлчээрийг хэрхэн зохицуулахыг тодруулав.
Засгийн газраас тусгай хамгаалтад авах 22 газар болон удахгүй өргөн барих найман газрыг тусгай хамгаалалтад нэмж авах тогтоолын төсөлд багтсан буюу байгалийн цогцолбор, дурсгалт газруудад иргэд мал аж ахуйгаа эрхэлж болно хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариулж байлаа.
Мөн эл тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцлоод, Тусгай хамгаалалтад авах хоёр газар “Эрдэнэ Овоот”-ын төмөр замтай давхцаж байгааг сануулав. Энэхүү төмөр замын төсөлд концессын гэрээ өгөхдөө, УИХ-аар баталсан “төмөр замын бодлогын баримт бичиг”-ийг баримтлаагүйг хэллээ. Өөрөөр хэлбэл, УИХ зөвшөөрөөгүй байхад Засгийн газар концессын гэрээ өгсөн гэв.
ЗТХ-ийн сайд Л.Энх-Амгалан хариултдаа, УИХ 2010 онд Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-ийг үндэслэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг 32 дугаар тогтоолоор баталсан. Үүний дараа УИХ-ын 71 дүгээр тогтоолоор "Эрдэнэт -Овоот-Арц суурь" 820 км нэмэлтээр орсон. Үүнийг үндэслэн Засгийн газар 2014 оны 321 дүгээр тогтоолоор төрийн өмчийн зүйлийн жагсаалтад оруулсан байна. Дараа нь Засгийн газар 2015 оны 327 дугаар тогтоолоор энэхүү төмөр зам барих концессын гэрээг байгуулж хөрөнгө оруулах эрх, 420 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг, 2016 онд чиг тогтоох гэрээг тус тус байгуулсан байна. Хэрэв УИХ-аас энэ газар нутгийг тусгай хамгаалтад авбал, энэ чиглэлийн төмөр замыг тодорхой газрыг тойрч барихаас өөр аргагүй гэж байлаа.
Тусгай хамгаалалтад авах газарт нутаглаж байгаа малчид, малын бэлчээрийн асуудлыг боловсруулж, бодлого зохицуулалт хийх хэрэгтэйг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцоллоо. Мөн иргэн, байгаль хамгаалагчдын уялдаа, холбоог сайжруулахад анхаарахыг хүсэв. Төмөр замын давхцал байхгүй гэж хоёр удаа албан бичгээр мэдэгдсэн ЗТХЯ, УУХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажилдаа хариуцлагатай хандахыг мөн хэллээ.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Туул голыг тусгай хамгаалалтад авах эсэхийг тогтоолын төсөл боловсруулсан ажлын хэсгээс асуув.
УИХ-ын гишүүн А.Сүхбат, Туул голыг хамгаалалтад авах асуудал удахгүй оруулж ирэхийг хэллээ. Тэрбээр, "Туул голын бохирдол Тэрэлж, горхиос эхлэлтэй. Тухайн аялал жуулчлалын бүсийн бие засах газар, хогийн асуудлаас эхлээд, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн 70 хувийн бохирдолтой ус Туул голд орж байгаа. Улаанбаатар хотоос Туул голын урсгал доор байгаа Төв аймгийн Лүн, Заамар зэрэг газрын ус маш бохирдолтой. Туул голыг гаталсан малын арьс өмөрч унаж байна. Гэтэл Туул голоос ундаалсан малын махыг бид идэж байгаа" гэлээ.
Төслийн ажлын хэсгээс, Туул голын ай савд
байгаа аж ахуйн нэгжүүд, Богд ууланд хууль бусаар үйл ажиллагаа явуулж
байгаа аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргахаа тэмдэглэв.
Дээрх тогтоолыг баталснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2.1 хувиар нэмэгдэж, улсын нийт газар нутгийн 19.8 хувийг хамрах юм.