Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын сав хэрэглэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-17 22:27:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанаас эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын савыг хэрэглэх санаачилгыг гарган Зориулалтын бус ундны усны савыг хэрэглээнээс хасъя” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. 

Энэхүү аяны явцад тус албаныхан амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийг хүнсний зориулалтын саваар хангахад хамтран оролцохыг уриалж байгаа аж.

 Эл аяны үндсэн зорилго нь зориулалтын бус ундны усны савыг хэрэглээнээс хасах асуудлыг бага ч атугай шийдвэрлэж, хүн амынхаа эрүүл мэндэд тус болоход чиглэгдэж байгаа юм байна. Энэхүү үйл ажиллагаагаа иргэдийн оролцоотойгоор явууулах бөгөөд аяны явцад эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын савыг хэрэглэх санаачилгыг өрнүүлэх, энэ талаар мэдээлэл хийж, сургалт, судалгаа явуулахын зэрэгцээ хийсэн ажлынхаа үр дүнг орон нутгийн удирдлагуудад танилцуулан ажиллах ажээ.

Мөн иргэдэд зориулсан уриалгыг гаргасан байна. Тэд уриалгадаа “Өнөөдөр манай улсын иргэд ахуйн хэрэглээний ундны ус, сүү, тараг, айраг, жүүс зэрэг хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хадгалах, зөөж тээвэрлэхдээ химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн өнгө хэмжээтэй хүнсний бус зориулалттай хуванцар савнуудыг өргөн хэрэглэснээр хордож, үндэсний аюулгүй байдал алдагдсаар байна.

Эдгээр хуванцар сав нь хүний эрүүл мэндэд хортой хар тугалга болон хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай (BPA, Формальдегид, диоксин ) зэрэг химийн бодисуудыг байнга ялгаруулж, тухайн хадгалж буй бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлдгийг судлаач эрдэмтэд тогтоосон байдаг аж. Тухайлбал хуванцар саванд байх хар тугалганы хэмжээ 0.01 мг/л байх ёстой гэж заасан байдаг бол тосны саванд 500-800, цэнхэр том саванд 60-72 дахих их байдаг байна.

Мөн формальдегид хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ тосны саванд 1800-3900, цэнхэр том саванд 3600-6900 дахин их, формалины хэмжээ тосны саванд 27.0-39.17 мг, цэнхэр том саванд 37.67-53.43 мг тус тус байдаг. Иймээс Зориулалтын бус ундны усны савыг хэрэглээнээс хасъя” аянд нэгдэхийг уриалж байна гэжээ.  

Холбоотой мэдээ