Б.Энхтуул: Өөрийн гараар бүтээсэн "Ухаалаг тик ток” машиныг хичээлдээ ашиглаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-04-18 14:45:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын Улсын тэргүүний эко бүрэн дунд 1-р сургуулийн бага ангийн багш Б.Энхтуул өөрийн гараар бүтээсэн "Ухаалаг тик ток” машиныг хичээлдээ ашиглаж байгаа аж. Бага ангийн багшаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа Б.Энхтуул багш бяцхан хүүхдүүдийн хичээллэх дур сонирхлыг өдөөх зорилгоор ийнхүү шинийг санаачлан сайн туршлага нэвтрүүлсэн нь энэ ажээ. Тэрээр хичээлийн сэдвүүдээ зүгээр нэг тараагаад өгөх биш “ухаалаг АТМ машинаа ашиглан уншуулаад гарч ирсэн сэдэв, асуултыг тарааж өгдөг байна. Энэхүү үйлдэл нь хүүхдүүдийн сонирхлыг хөдөлгөж, баяр хөөр дүүрэн хичээлд оролцохын зэрэгцээ өрсөлдөөнийг бий болгодог аж. Энэхүү машиныхаа талаар Б.Энхтуул багш ийн ярилаа.


-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе?

-Сайн, танд бас энэ өдрийн мэнд хүргэе?

-Юуны өмнө танд байгальд ээлтэй хаягдал материалаар ашиглан бага насны хүүхдүүдийн сурах сонирхлыг өдөөсөн сайн туршлага нэвтрүүлэн ажиллаж байгаад баяр хүргэе. Энэхүү ухаалаг машинаа хичээлийн ямар үе шатуудад ашиглах боломжтой талаараа тодруулж өгөхгүй юу?

-Хүүхдийг сэдэлжүүлэх, сэргээн санах, арга барил олгох, дадлагажин чадваржуулах, үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг үе шатуудад ашиглах боломжтой. Ингэхдээ эдгээр үеүдэд хэрэглэхдээ тухайн хичээлийн агуулга, арга зүйд тохирсон  хэрчмэл картуудыг бэлтгэж хэрэглэдэг байгаа.

-Тоглоомын ширээнээс сургуулийн танхимд шилжсэн бяцхан хүүхдүүдийг залхаах биш, сонирхлыг нь өдөөнө гэдэг бас авууштай зүйл л дээ. Энэ машиныг ямар хичээлүүдэд ашиглах боломжтой вэ?

-Бүх төрлийн хичээлүүдэд ашиглах боломжтой.  Бага, дунд, ахлах ангиудын ямар ч хичээлд хэрэглэж болно. Математик, монгол хэл, хүн орчин, гадаад хэл гэх мэт хичээл дээр туршиж үзсэн.

-Шинийг сэтгэж, сайн туршлага болж чадсан энэ ухаалаг машиныхаа онцлог, давуу чанараас дурдаач?

-Олон давуу талтай. Тухайлбал байгальд ээлтэй, хаягдал материал ашиглаж хийсэн. Мөн бүтээлч, шинэ шинэлэг, сурагчдын сонирхлыг татаж, идэвх оролцоог нэмсэн, аль ч ангид, ямар ч төрлийн хичээлд, хичээлийн аль ч үе шатанд ашиглаж болно. Мөн сурагчдын суралцах, багаар ажиллах хурдыг нэмэгдүүлж өгдгөөрөө илүү үр дүнтэй юм.

-Шинийг санаачлагч багшийн бүтээсэн ухаалаг машин нь маш энгийн хаягдал материалаар хийсэн, байгальд ээлтэй гэдгээрээ онцлогтой гэлээ. Машиныхаа материалын талаар сонирхуулаач?

-“Тик ток” ухаалаг АТМ машин маань байгальд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Миний хувьд энэхүү машинаа цаасан хайрцаг, зайрмагны иш, резин, товчлуур, механик хэрэглүүр, механизм, тоглоомон машины мотор ашиглаж хийсэн. Гадуур нь эсгийгээр бүрсэн байгаа. 

Холбоотой мэдээ