Та энэ зун Завхан аймагт аялбал морин аялалд оролцоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-17 16:54:23

Завхан /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж хүн бүр байгалийн сайханд амарч аялдаг улирал хаяанд ирээд байна. Иймд Завхан нутгаар аялах гэж байгаа танд зориулан аймгийн үзэсгэлэнт газар нутагт байрлаж буй жуулчны бааз, амралтын газар, рашаан сувиллын хаяг, үйлчилгээ, тухайн газар нутгийн онцлогийг танилцуулж байна.


Замбага жуулчны баазад амрангаа завиар зугаална

Аймгийн хэмжээний жуулчны зориулалттай анхны бааз юм. Тус бааз Тэлмэн сумын нутагт Тэлмэн нуураас урагшаа Ангирт хэмээх жижиг нуурын захад сумаас баруун хойш 20км-т элсэн манхан, нуур бүхий байгалийн үзэсгэлэнтэй газарт байрладаг.
Замбага бааз нь Улаанбаатараас баруун бүсийн аймгууд руу явах болон Мөрөнгөөс Улиастайн чиглэлд зорчих жуулчдын буудаллах, хоноглох дамжин өнгөрөх түшиц газар болох боломжтой. Нэг ээлжиндээ дотоод, гадаадын амрагч жуулчид 50-60 хүнийг хүлээн авах чадалтай. Улаанбаатараас 960 км-т, аймгийн төвөөс 100 км-т оршдог. Улирлын чанартай 6-10 дугаар сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Энд амрагч аялагч та Тэлмэн нууранд загасчилж, завиар аялах, монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах, малчин айлд зочилж сарлаг үхэр саалган сүү цагаан идээ боловсруулах, эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзэж, морь, тэмээ унаж байгалийн  үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой юм байна. Замбага жуулчны баазтай 99162119, 98192119, 98112119 утсаар, и-мэйл хаяг: dogoo_zambaga @yahoo.com хаягаар холбогдож болох юм.  


Их Монгол жуулчны баазад бэсрэг наадамд оролцоно

Их Монгол жуулчны бааз нь Улаанбаатараас 980 км, Улиастайгаас 13 км Алдархаан сумын Баруун салааны эхэнд ой мод, уулын түргэн урсгалт голын хөвөөнд оршдог.
Тус жуулчны бааз нь гадаад, дотоодын аялагчдад тав тухтай орчинг бүрдүүлсэн аялал жуулчлал амралтын үйл ажиллагаа явуулдаг ба нэг ээлжиндээ 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Улирлын чанартай зун 6-10 дугаар сарын хоорнд үйл ажиллагаа явуулдаг. Энд та амарч тухалснаар Хангай нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэрийн орчинтой танилцах байгалийн аялал хийж,  элсэн манхант үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялж томоохон гол, нууранд загасчлах, завиар аялах, морь унаж, үхэр тэргээр аялах, монгол үндэсний гэрт зочлон үндэсний тоглоом, наадгай шатар, шагай, даалуу, нум сумаар харвах болон бусад оньсон тоглоом тоглож, монгол үндэсний хувцас өмсөж гэрэл зураг авахуулах, малчин айлд зочилж нүүдлийн соёлтой танилцах боломжтой юм байна. Мөн урьдчилсан захиалгаар групп жуулчдад бэсрэг наадам зохиодог байна.Эднийхтэй 70462531, 99462222, 98114527, 99048686 утсаар холбоо бариарай.



Маргад Ембүү жуулчны баазад амрангаа

загас барих боломжтой

Маргад Ембүү жуулчны бааз нь Улаанбаатараас 970 км, аймгийн төвөөс 105 км-т Идэр сумын нутаг Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газрын бүс нутагт шинэсэн ой бүхий өндөр уулсын дунд Идэрийн голын эрэг дээр үзэсгэлэнт ногоон нуурын дэргэд байрладаг.
Маргад Ембүү жуулчны бааз нь тохилог монгол гэр, модон байшинд нэг ээлжиндээ 40-50 хүн хүлээн авах чадалтай. Улирлын чанартай зун 6-10 дугаар сарын хоорнд үйл ажиллагаа явуулдаг. Албан газар, анги хамт олноороо амрахад үнийн хөнгөлөлт урамшуулалт үзүүлдэг. Тарвагатай нурууны цогцолборт газраар байгалийн аялал хийж, элсэн манхан үргэлжилсэн нуруу, говийн бүсээр захиалгын аялал хийн томоохон гол, нууранд загасчлах, завиар аялах, морь унаж, үхэр тэргээр аялаж, монгол үндэсний уламжлалт хоол, хорхог, шорлог, боодог, загас, зэрэг олон төрлийн хоолоор дайлуулах боломжтой юм байна. Танд экологийн цэвэр, анир чимээгүй орчин, онгон байгальд алжаалаа тайлах боломж олгож, хөнгөн шуурхай үйлчлэн туршлагатай, нөхөрсөг, анхаарал халамж сайтай хөтөч тайлбарлагч нар үйлчлэх бөгөөд баазад амрах хугацаанд тав тух аюулгүй байдлаа хангуулна. Маргад Ембүү жуулчны баазтай 98197490, 98469625 утсаар холбоо бариарай.


Ногоон тохойд интернэт ашиглаж болно

Ногоон тохой амралтын газар нь Улиастайн төвөөс 10 км-ийн зайд орших Солооны аман дахь байгалийн үзэсгэлэнт цогц бүхий газар 2006 онд байгуулагдан амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус жуулчны бааз нь гадаадын болон дотоодын жуулчдад аялал жуучлал, амралтын үйлчилгээ үзүүлдэг. Нэг удаад 75-80 хүн хүлээн авах хүчин чадалтай, гэр болон амрагчдын байртай, тохилог, жуулчдын тав тухыг бүрэн хангасан томоохон жуулчны баазуудын нэг юм. Онгон дагшин, ой тайгатай байгалийн онц сайхан үзэсгэлэнт газар ихтэй. Ногоон тохой жуулчны баазад та тохилог, дулаан орчинд амраад зогсохгүй үүрэн телефон, интернэт ашиглаж байгалийн сайханд билльард, теннис, гар болон сагсан бөмбөг, элсэн дээрх гар бөмбөгөөр тоглож алжаалаа тайлах бүрэн боломжтой юм байна. Ногоон тохой жуулчны баазтай и-мэйл:Jonson_mj@yahoo.com, Puupuu_75@yahoo.com, 98466894, 98989493, 99469493 утсаар холбоо бариарай.


Хар нуур жуулчны баазад амрангаа говь хангайн байгалийг нэг дор үзнэ

Хар нуур жуулчны бааз нь Улаанбаатараас 1103 км, аймгийн төвөөс 110 км-т Эрдэнэхайрхан сумын нутаг хангай говь хосолсон үзэсгэлэнт Улаагчны хар нуурын урд хөвөөнд байрладаг. Тус бааз нь 40-50 хүн хүлээн авах чадалтай. Улирлын чанартай зун 6-10 дугаар сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Гадаад болон дотоод аялагч амрагчдад тусгай чиглэлээр үйлчилдэг.  Хар нуурын үзэсгэлэнт газраар байгалийн аялал хийж, элсэн манхант үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялуулах, Хар нуурын омель, пельд үржүүлгийн загас амталж завиар аялах боломжтой. Эднийхтэй jbn_mgl@yahoo.com хаягаар холбогдоорой.

Холбоотой мэдээ