Энэ долоо хоногт зам тээврийн ослоор хоёр хүний амь нас хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-12 10:24:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 692 дуудлага хүлээн авч шалгажээ. Ослын улмаас нийслэлд нэг хүн амиа алдаж, 31 хүн бэртжээ. Харин орон нутагт нэг хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн байна.


Дээрх осол хэргийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Энэ сарын 9-ний 00 цагийн орчимд Баянхошуунд байдаг “Гэгээ” төвийн зүүн замд "T.Axio" маркийн автомашин нь 54 настай явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон бол, энэ сарын 8-ны 21 цагийн орчимд Хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар цардмал замд зогсож байсан "Sinotruk" маркийн чиргүүлтэй автомашиныг "Lexus HS250" маркийн автомашин мөргөж, 35 настай жолоочийн амь нас хохирсон байна. 


Хөдөө, орон нутгийн замд жолооч нар зогсохдоо замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлдөггүй, зогсох тэмдэг байрлуулдаггүй зэрэг зөрчил гаргадаг нь арын автомашинаа осолд оруулах эрсдэл үүсгэдэг. Тиймээс зайлшгүй зогсох тохиолдолд, замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу, "Ослын зогсолтын тэмдэг"-ийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт урьдчилан анхааруулах зорилгоор, тээврийн хэрэгслээсээ суурин газарт 15 м, суурин газрын гаднах замд 30 м, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулах заалтыг мөрдөхийг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа. 


Эдгээр өдрүүдэд замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлж, хуулийн хариуцлага тооцсон бол, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 34 жолоочийг 7-30 хүртэл хоногоор баривчилжээ. 


Зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад, нийт дуудлага 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21,8 хувиар, ослоор амиа алдсан тохиолдол 66 хувиар буурч, харин гэмтсэн хүн 63 хувиар өсжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож баривчлагдсан зөрчил 6 хувиар өссөн байна. 


Холбоотой мэдээ