Ачаа тээврийн бүх үйлчилгээг "нэг цонх"-оор харах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-02 18:56:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй 169 аж ахуйн нэгж, тэдгээрийн холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем”-д холбогдлоо. Ингэснээр тэдгээр ААН, байгууллагууд ачаа тээвэртэй холбоотой бүх мэдээллийг нэг цонхонд төвлөрүүлж, түүнийгээ нээлттэй ашиглах боломж бүрдэв.


Өөрөөр хэлбэл, ЗТХЯ, ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон Авто тээврийн үндэсний төв АТҮТ/ хооронд мэдээллийг цахим хэлбэрээр шуурхай солилцох боломж бүрдэж байна.


Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөх, бүртгэх, зорчих зөвшөөрлийн бичиг олгох, тээврийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий энэхүү системийг Автотээврийн үндэсний төвөөс нэвтрүүлээд байгаа аж. Уг системд:

  • Улс хооронд болон хот хооронд, орон нутгийн ачаа, аюултай ачаа, овор ихтэй ачаа, дамжин өнгөрөх тээвэр хийж буй ААН-ийг бүртгэх,
  • Ачаа тээврийг төлөвлөх, осол, зөрчил бүртгэх,
  • Статистик тайлан мэдээг төрөл, ангилал, хугацаагаар нэгтгэх
  • Хил нэвтрэх С зөвшөөрлийн бичиг авахад аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн болон жолоочийн мэдээллээ  оруулж шаардлага хангаж байгаа эсэхээ мэдэх
  • Тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолоочийн мэдээлэл давхцахгүй
  • Уурхайнууд шаардлага хангасан ААН-ээр тээврийн ажил гүйцэтгүүлэх
  • ААН-ийн мэдээллийг нэг цонхноос харах боломжтой
  • Хүний хүчин зүйл нөлөөлөл орох боломжгүй зэрэг олон давуу талтай юм байна.

Тус программд нэвтэрч, мэдээллийг нээлттэй харах, ашиглах боломж бүрдсэнээр зөвшөөрөл авсан компаниудын тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс гадна хилээр нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн нэг жолооч олон компанид бүртгэлтэй байх байдал арилахаас гадна жолоочийн давхардал үүсэхгүй, жолооч нарын бодит тоо гарах ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Монгол Улсын хэмжээнд өмнө нь жолооч нарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем байгаагүйгээс жолооч нарын бодит эрэлт хэрэгцээ, хүрэлцээг тодорхойлох боломжгүй байсан нь ийнхүү шийдлээ олж байна. 


Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү системд нэвтэрч тухайн жолоочийн регистрийн дугаарыг оруулахад мэргэшсэн эсэх нь программ дээр гарч ирэх бөгөөд мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхтэй эсэхийг тогтооход хялбар болж байгаа юм гэж Авто тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ