АНУ-ын шийдвэрийг Арабын лиг буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-01 11:38:35

ТУНИС. /NHK/. Сирийн Голаны өндөрлөгийг Израилын нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн АНУ-ын шийдвэрийг Арабын орнуудын удирдагчид зэмлэн буруушаагаад, үүнийг эсэргүүцсэн шийдвэр гаргахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүсэхээр тохиролцсон байна.


Өнгөрсөн ням гарагт Арабын лигийн жил тутмын дээд хэмжээний уулзалт Тунис хотноо болжээ. Уулзалтын үеэр талууд АНУ-ын саяхан гаргасан шийдвэрийг хүчтэй эсэргүүцжээ. Эсэргүүцэгч орнуудын дунд АНУ-тай нягт харилцаатай орнууд ч багтаж байжээ.


Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси болон Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз нар бусдадаа хандан "Сирийн тусгаар тогтнолд нөлөөлөх ямар ч шийдвэрийг эсэргүүцнэ" гэж хэлсэн байна.


Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Голаны өндөрлөг нь Сирид харьяалагддаг эзлэгдсэн газар нутаг бөгөөд олон улсын хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн ажээ.


Тухайн бүс нутагт бүрэн эрхээ тогтоох Израилын оролдлогыг удирдагчид эсэргүүцэж, хууль ёсны байр суурийг өөрчлөх ямар ч үйл ажиллагааг хууль бус хийгээд хүчингүй гэж үзэхээ мэдэгдсэн байна.


“АНУ-ын шийдвэрийн эсрэг тогтоол батлахыг Арабын орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уриална” гэж Арабын лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейт хэлжээ. Мөн тэрбээр, АНУ-тай ижил шийдвэр гаргахгүй байхыг бусад улсуудад анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ