С.Амарсайхан: Бүтцийн өөрчлөлт үүрэг хариуцлагыг тодорхой болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-29 16:56:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор нийслэлийн бүтцийг өөрчилж, Засаг дарга хоёр орлогч, бусад төсөл, хөтөлбөрийн удирдагчтай байхаар шийдвэрлэсэн.

Энэ талаар НИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар хэлэлцэж, 2019 оны нийслэлийн бүтэц болон төсвийн тодотголыг баталлаа.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бүтцэд орж байгаа өөрчлөлт нь Улаанбаатар хотод тулгарч буй асуудлыг шийдвэрлэх гол зорилготой юм” гэдгийг тодотгоод, “Дээрх зорилгод нийцүүлж орлогч болон төсөл хөтөлбөр хариуцсан удирдагчдыг томилно. Тухайн төслийн удирдагч нар зөвхөн өөрт харьяалах асуудлыг л бүрэн дүүрэн хариуцаж ажиллах нь илүү үр дүнг авчирна гэдэгт би итгэж байна. Агаар орчны бохирдол хариуцсан төсөл хөтөлбөрүүдийн удирдагч, зөвхөн замын тээвийн асуудал хариуцсан төсөл хариуцсан гэх мэтээр үүрэг хариуцлагыг нь тодорхой болгож өгсөн” гэв.

Цаашлаад тэрээр, “Улаанбаатар хотын хувь заяаг дөрвөн жилээр биш 30, 40 жилээр төлөвлөн шийддэг, бусад хөгжилтэй улс орны жишгээр хөгжих үндэс суурийг тавьж ажиллана.  Ингэхийн тулд замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт инженерчлэл, барилга хот байгуулалт, үйлдвэрлэл инноваци гэх мэт чиглэл бүрээр мэргэжлийн баг бүрдүүлж нэгдмэл бодлого, нэг зохион байгуулалтай ажиллах зорилгоор энэхүү бүтцийг хийсэн. Тамгын газар, агентлаг, харьяа газрууд, орон нутгийн өмчит төсөвт байгууллагууд нь тус тусын үүрэг, хариуцлагаас үл шалтгаалан нийслэл нэг бодлоготой байна” гэдгийг онцоллоо.


НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь бүтцийн өөрчлөлт болон төсвийн тодотголыг дэмжиж баталлаа. Ингэснээр нийслэлийн Засаг дарга Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын  орлогч гэсэн хоёр орлогчтой болж байгаа бол Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч, Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагч, Агаар орчны бохирдол хариуцсан Төслийн удирдагч, Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч гэсэн тус бүр чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллахаар болж байгаа юм.

Мөн нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хэрэгжүүлэгч 33 агентлагаас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн газар гэсэн хоёр газрыг нэгтгэж, Гэр бүл хүүхэд залуучуудын газар болгон өөрчилж байгаа бол шинээр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэсэн хоёр агентлагийг нэмж байгуулснаар нийт 34 агентлагтайгаар Нийслэлийн Засаг дарга ажиллахаар болж байна. 

Холбоотой мэдээ