Хүүхдийн спортын наадамд Өлгий сумын хоёрдугаар сургуулийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-27 15:26:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газар "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөр хамтран "Хүүхдийн спортын наадам"-ыг Өлгий хотноо энэ сарын 23-26-нд зохион байгууллаа.

Спортын наадамд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулиас 1500 гаруй сурагч оролцож шатар, 100 буудалт даам, тогызкумалах, ширээний теннис, үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо, сагс болон гар бөмбөгийн төрлөөр 195 багц медалийн төлөө хүч чадал, авьяас самбаагаа сорин өрсөлдөв.

Уралдаан тэмцээнүүд бага онооны системээр явагдсан бөгөөд аймгийн төвийн сургуулиудаас Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн баг тамирчид 207,5 оноогоор, хөдөө сумдаас Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн баг 224 оноогоор, дунд сургуулиудаас Цагааннуур тосгоны дунд сургуулийн баг 497 оноогоор тус тус тэргүүллээ.

Харин Өлгий сумын Заид, нэгдүгээр бүрэн дунд сургууль, Баяннуур, Алтанцөгц сумын бүрэн дунд сургууль. Хөх хөтөл, Ойгор дунд сургууль удаах байруудад шалгарсан.

Хүүхдийн спортын наадамд эхний байруудад шалгарсан хүүхдүүд ирэх намар Улаанбаатар хотноо болох Монголын хүүхдийн спортын VI наадамд оролцоно. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд