Д.Тогтохсүрэн: Эрүүдэн шүүсэн гэх асуудлыг УИХ-аар яаралтай шийдвэрлэх шаардлагатай

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-25 16:14:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүж ялласан гэх асуудлыг нэн яаралтай УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөр хэлэлцэх шийдвэр гаргажээ.

Тус намын бүлэг дээрх асуудлаас гадна, УЕП-ын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг мөн хэлэлцсэн тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Тэрбээр, “Бүлгийн хуралдааны эхэнд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан зарим хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонслоо. Хүний эрхийг ноцтой зөрчсөн байж болзошгүй, эрүүдэн шүүж буй бичлэгийг олон нийтэд ил болгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. Мөн энэ асуудлаар, УИХ-аас  үнэлгээ, судалгаа хийх ажлын баг гаргах шаардлагатай гэж саналаа нэгтгэсэн. Түүнчлэн дээрх асуудлыг нэн яаралтай ҮАБЗ хэлэлцэж, шийдвэр гаргах шаардлагатай байна гэж шийдвэрлэлээ” хэмээв. 

МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн, УЕП-ын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг түр хойшлуулсан байна. Тодруулбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүж зарим хүмүүсийг ялласан гэх асуудлыг урьтал болгож, яаралтай шийдэх шаардлагатай тул дээрх томилгооны асуудлыг түр хойшлуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх маргаан үүсээд байгаа аж.

Холбоотой мэдээ