"Логистикийн 7 хоног"-ийг "Хуурай боомтын хөгжил, шийдэл” сэдвээр зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-21 14:17:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн логистикийн өдөр”-ийг тохиолдуулан ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв болон “GS1 Монгол” нийгэмлэг,  Монголын мэргэшсэн зөвлөх инженерүүдийн холбоо хамтран "Логистикийн 7 хоног"-ийг зохион байгуулах гэж байна.

Өмнөх жилүүдэд логистикийн үр ашгийг зөвхөн худалдаа, тээврийн салбарт чухал гэж үзэж, ойлгож байсан чиг хандлагыг өөрчлөх зорилгоор, энэ удаа "Логистикийн 7 хоног"-ийг "Хуурай боомтын хөгжил ба шийдэл” гэсэн сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Дээрх сэдвээр эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг их, дээд сургуулийн оюутнууд, мэргэжилтнүүдийн дунд хоёр үе шаттай зарлаж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн логистикийн байгууллагатай танилцах аялал хийх тухай “GS1 Монгол” нийгэмлэгээс мэдээлж байна.


Монгол Улсын зам, тээвэр, логистикийн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбарын үзүүлэх нөлөө, дотоод, гадаадын тэргүүн туршлагыг судлаж олон нийтэд хүргэх зорилготой "Логистикийн 7 хоног"-т салбарын яамд, агентлаг, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцох ажээ. Тавдугаар сарын 20-26-нд болох "Логистикийн 7 хоног”-ийг манай улс долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ