Дэлхийн усны өдрийг “Цэвэр ус, тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхий нийтээр “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил усны өдрийг дэлхий даяар “Цэвэр ус, тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэх гэж байна.
Гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, нөөцийн тогтвортой менежментэд олон нийтийн анхаарлыг хандуулах, усны хэрэглээний ач холбогдлыг таниулахад оршиж байна.
Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин,
хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох
саналыг дэвшүүлж байв. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” хэмээн зарлан тунхаглажээ.
Манай улсын хувьд, зах зээлийн харилцаанд орсноор эрчим
хүч, шатахуун, дулаан, экспортын түүхий эд борлуулалт үнийг чөлөөлж зах
зээлийн үнэд шилжсэн. Гэвч харамсалтай нь юугаар ч орлуулшгүй эрдэнэ усны экологийн үнэлэмж буюу ус
бохирдуулсны төлбөр, усны нөөцөд учруулсан хохиролын үнэ, ус рашаан ашигласны
болон бохир ус цэвэрлэсний төлбөрийг зах
зээлийн нөхцөлд шилжүүлж чадаагүй ирснийг мэргэжилтнүүд хэлж байна.
“Дэлхийн усны өдөр”-өөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил" уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байсан бол 2016 онд “Сайн ус- сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл” уриан дор өнгөрүүлж байв.
Дэлхийн хэмжээнд таван хүн тутмын нэг нь ундны цэвэр усаар гачигдаж байна гэсэн тоо гарчээ.
Ус
цэвэрлэх технологи нь усны хомсдлыг арилгах олон боломжийг олгож байна. Гэвч найдвартай, баталгаатай, чанартай
усаар хэрэглэгчдийг хангах
явдал дутмаг байгааг мэдээлж байна.
Энэ жилийн “Дэлхийн усны
өдөр”-өөр БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаа санаачлан Хот суурин
газрын усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах газар, “М
Си Эс Кока кола” ХХК болон нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын
газар хамтран “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS-6734-2018” стандартыг сурталчлан таниулах сургалтыг
зохион байгуулж байна. Мөн ЕБС-иуд болон тусгай сургалттай 76-р сургуулийн
сурагчдад усны зөв, зохистой хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт
болж байна.
Б.Болд