Төмөр зам дээр хоёр осол гарч, нэг хүний амь нас хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-11 13:30:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-нд өнгөрсөн гурван өдөр нийт 668 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 452 хэргийг шалгаж шийдвэрлэжээ. Үүнээс төмөр зам дээр хоёр осол гарч, нэг хүний амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 8-ны оройн 21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд нэгдүгээр багийн нутагт ачааны галт тэргэнд 54 настай эмэгтэй дайруулж, амь насаа алджээ. Мөн Сэлэнгэ аймагт Тоёота "Axio" маркийн автомашин гарамгүй газар төмөр замын хашаа дайрч, улмаар 3503 дугаар галт тэргэнд мөргүүлсэн бөгөөд галт тэрэг нэн яаралтай тоормослон зогсож амжсан тул хүний амь нас эрсдээгүй байна. Дээрх автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явжээ.

МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 17.4 дэх хэсэгт "Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно" гэсэн заалт нэмж тусгасан байдаг аж.

Замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Үүний 52 хувь буюу 140 нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгдсэн байна. 

Баяр, амралтын өдөр гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 19 нь мөргөлдсөн, тав нь онхолджээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 17 хүн бэртэж, орон нутагт таван хүний амь нас хохирсон байна. 

Гарсан ноцтой ослоос дурдвал:

  • Энэ сарын 8-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт засмал замд T.Pruis маркийн автомашин онхолдож, долоон настай, эмэгтэй хүүхдийн амь нас хохирсон,
  • Хан-Уул дүүргийн нутаг, дулааны цахилгаан станц-3 замд "T.Pruis-2"0 маркийн автомашин нь "T.Pruis-11", "T.Pruis-20" маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчиж явсан 2-6 насны гурван хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.


Холбоотой мэдээ