Ээлжит бус чуулганаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх хүсэлт хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компани нь зээл авч, яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их хурал (УИХ)-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хүсэлтийг өнөөдөр Ардчилсан нам (АН)-ын бүлгээс УИХ-ын даргад хүргүүллээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр буюу энэ сарын 06-нд хуралдаж, энэ
сарын 18-29-ны хооронд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар товлосон. Уг
чуулганаар Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Зэвсэгт
хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын
орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай
асуудлыг хэлэлцэхээр товлосон. Прокурорын байгууллагаас ЖДҮХС-гаас хамаарал
бүхий компани нь зээл авсан хэмээн үзэж, таван гишүүнийг яллагдагчаар татсан
тухай мэдээлэл тархсан. Тиймээс дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж,
шүүхээр гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэх хэрэгтэй хэмээн АН-ын бүлэг үзжээ.
Мөн тус бүлгээс олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийн
талаар албан ёсны мэдэгдэл гаргасныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.
Мэдэгдэлд, “АН-ын бүлэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой
асуудал, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компани зээл
авсан хэрэг, төрийн албыг наймаалцах замаар сонгуулийн санхүүжилт босгох “60
тэрбумын хэрэг” зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр
шүүлгэн, хариуцлага тооцох талд баттай зогсож байгаагаа нотолж байна. 64
суудалтай эрх баригч намд шил дараалан гарч байгаа нийгмийг цочроосон асуудлуудыг
шийдвэрлэж, шударга ёсыг тогтоох боломж хангалттай байгаа. Тиймээс 2016 оны
сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. АН нь ардчилал,
хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол гэсэн нийгмийн суурь зарчмыг хамгаалах
талд хатуу зогсох болно” гэжээ.