“Тусгай олимп”-ийн наадамд оролцох баг тамирчид Абу Дабиг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-07 15:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын баг тамирчид АНЭУ-ын Абу Даби хотод болох дэлхийн “Тусгай олимп"-ын наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 8-22-нд болох оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын наадамд дэлхийн 192 орны 7000 гаруй тамирчин оролцоно. Энэ нь дэлхийн тусгай олимпын 50 жилийн түүхэн дэх хамгийн том олимп болж байгаа бол манай улсын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 28 тамирчин оролцох юм байна.


Монголын тусгай олимпын хороо 5 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд хоёр олимпын наадамд оролцоод байна. Манай баг тамирчид 2015 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон тусгай олимпын зуны наадмаас 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Харин 2017 онд Австрийн Граз хотноо зохион байгуулсан тусгай олимпын өвлийн наадмаас 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.


Монголын Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, “Манай хороо нь оюуны бэрхшээлтэй хүүхдийг биеийн тамир, спортоор дамжуулан эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, нийгэмших, найз нөхөдтэй болгох, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой. Энэ удаад Улаанбаатар хотын тусгай дөрвөн сургуулийн сурагчид, мөн хөдөө орон нутагт амьдардаг оюуны бэрхшээлтэй хүүхдийн төлөөлөл зуны олимпын наадамд оролцоно. Мөн тусгай олимпын нэг онцлог нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүд багийн спортоор өрсөлддөг. Тиймээс хөлбөмбөг, ширээний теннис хамтарч тоглохоор үе тэнгийнх нь хамтран тоглогч нар нь Абу Дабид очно. Нийтдээ 28 тамирчин, найман багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй зуны тусгай олимпод оролцож байна. Бид хүүхдүүдээ медаль ав гэхээс илүүтэй тэмцээнд оролцож, урам зоригтой болоосой гэж хүсэж байна” хэмээн ярьсан юм.

Холбоотой мэдээ