ЖДҮХС-гаас зээл авсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-03-02 15:10:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардаж өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд бүх нийтийн тайван жагсаал зохион байгууллаа.

Энэ үеэр хууль хүн бүрт тэгш үйлчилж, иргэдийнхээ боломжоос хулгайлсан улстөр, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг жагсаалд оролцогчид онцолж байлаа. Тэд жирийн иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байна. УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байна. Энэ нь зээл үү, хулгай юу гэдгийг асууж буй юм.

Жагсаалд оролцогчид "Төрийн албан тушаалыг арилжсан 60 тэрбумын хэрэг, иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-гийн зээл, Концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалнууд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан" лоозон барьсан байлаа.

Энэ удаагийн жагсаалд ойролцоогоор 500 орчим иргэн хүрэлцэн ирсэн байв. Тус жагсаалыг долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ