Уурхайн нурангид дарагдсан дөрвөн хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-01 12:09:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын нутаг "Эко-Алтан заамар" ХХК-ийн уурхайн нурангид зургаан иргэн дарагджээ. Аврах ажиллагааг өнөөдөр өглөө хүч нэмэгдүүлэн зохион байгуулж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.


Ил уурхайн 100 метрийн өргөн, 80 метрийн гүнд зургаан хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр 16.50 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Осол гарсан даруй хоёр ажилтныг нурангиас эсэн мэнд гаргасан бөгөөд дөрвөн ажилтан нурангид дарагдсан хэвээр байгаа аж.


ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 24 алба хаагчаас гадна, Орхон аймгийн онцгой байдлын зургаан алба хаагч өнөөдөр өглөө хүч нэмэн аврах ажиллагаанд оролцож байна. 


ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, "Хоёр техникийн оператор, талбайд ажиллаж байсан хоёр нассосчин, нийт дөрвөн хүн дарагдсан гэх мэдээлэлд үндэслээд, тодорхой байршилд эрэл үргэлжилж байна. Нурангид өртсөн хүмүүс амьд гарах магадлал тун бага байна. Тэднийг гаргаж авахад шаардлагатай бүх ажиллагааг хийх болно. Уурхайн хиймэл нуурын усны түвшин 10 метр орчим бөгөөд,  ус нь ил уурхайн хананаас шүүрч байгаа нь дахин нуралт үүсэж, аврах ажиллагаа хүндрэх магадлалтай" гэлээ.

Холбоотой мэдээ