Чандмань сумын 90 гаруй малчин өрх хүү багатай зээлд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-28 18:02:06

Ховд /МОНЦАМЭ/ Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Хас банктай хамтран “Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр төслийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар Ногоон алт төслөөс Чандмань суманд судалгаа явуулсан байна.

Судалгаанд 480 гаруй малчин айл, өрх хамрагдсанаас 460 гаруй нь зээл хэрэгцээтэй гэж хариулжээ. Тэдгээрээс 124 айл өрх нь төслийн зорилтод шаардлагыг хангасан бол 93 нь банкны шаардлагыг хангаж байгаа юм. Тиймээс ХАС Банк орон нутгийн удирдлагууд, малчидтай хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр 93 өрхөд тус бүр 5,0 сая төгрөгийн зээлийг сарын 1, жилийн 12 хувийн хүүтэйгээр олголоо.

“Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт тус сумын 1000-аас дээш малтай 4 өрх, 700-900 малтай 12 өрх, 500-700 малтай 27 өрх, 351-500 малтай 19 өрх, 201-350 толгой малтай 31 өрх хамрагджээ. Төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан малчид бэлчээрийнхээ даацад тохируулан малынхаа тоо толгойг цөөрүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулж чанаржуулах, бэлчээр, булаг усаа хамгаалж, хашаа хороогоо засах зэрэгт ажлыг хийж хэрэгжүүлэх юм.

“Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр төсөлд хамрагдсан малчдын хийх ажил ердөө энгийн. Тэд гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагынхаа дагуу зээлээ үр ашигтай зарцуулж чадвал хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр төслийг цаашид үргэлжлүүлэн бусад аймаг, сумдад хэрэгжүүлж малчин айл өрх бүрийг хамруулах боломжтой хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Бэлчээрийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор туршилтын байдлаар хэрэгжүүлж буй тус төслийн нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, тус сумаас сонгогдсон ИХ-ын төлөөлөгч Д.Баатарзориг, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд болон төслийн зөвлөх, мэргэжилтнүүд оролцлоо. “Ногоон бэлчээр” төслийг Монгол улсын 21 аймгаас зөвхөн 2 аймгийн 2 сумын зарим малчин өрхийг сонгон хэрэгжүүлж байгаа бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Ховд аймгийн Чандмань сум сонгогджээ.

                                                                                                                Н.Лхагва

Холбоотой мэдээ