Төрийн онцгой обьектод хүний амь нас хохирсон хэргийг анхааралдаа авахыг шүүгч нар шаардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-27 13:56:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид авлигын хэргээр саатуулагдаж байсан хуульч нас барсан гэх хэрэгтэй холбогдуулан шүүгч нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тэд төрийн онцгой обьектуудад хүний амь нас хохирсон хэргүүдийг анхааралдаа авч, зөвлөмж гаргахыг  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шаардлаа.



Шүүгч, өмгөөлөгч Д.Оросоо хэлэхдээ, “Хуульчид нийгмийнхээ инженер нь байдаг тул болохгүй байгаа зүйлд дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй. ЗТХЯ-ны ажилтан удирдах албан тушаалтныхаа гарт амиа алдсан. Засаг даргын тамгын газрын байранд хутгалуулж биедээ гэмтэл авсан хүн ч бий. Үүнээс гадна цэргийн алба хааж байсан хоёр байлдагч амиа алдсан хэрэг гарсан. Хэдхэн хоногийн өмнө ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид саатуулагдсан шүүгчийн амь нас хохирлоо. Төрийн онцгой обьектод хүний амь нас хохирох нь хэвийн үзэгдэл болоод байна. Дээрх хэрэг ХЗДХЯ-ны харьяа салбар нэгжүүдэд гарсан ч салбарын сайд нь байр сууриа илэрхийлсэнгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эл хэргүүдэд анхаарч, хүний эрхийг хангах эрх зүйн орчин бүрдүүлэхийг хүсэж байна” гэв.


Шүүгч, өмгөөлөгч н.Болормаа, “Талийгаач нас барснаас долоон цагийн дараа ар гэрт нь мэдэгдсэн зөрчил гарсан байхад хуулийн салбарынхан тодорхой мэдээлэл өгсөнгүй. Энэ асуудалд мөн Хүний эрхийн үндэсний комисс байр сууриа илэрхийлэхийг хүсэж байна. Салбарынхаа өмнөөс Ц.Нямдорж уучлал хүсэж, хариуцлагаа хүлээх ёстой” хэмээв.

Холбоотой мэдээ