"Их Монголын хүчтэн дэвжээ"-ний бөхчүүд илүүрхэж бооцооны 70 хувийг хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Мөнхийн үсэг" группийн “Мөнх” спорт хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн дэвжээ", Говь-Алтай аймгийн "Хантайшир дэвжээ”-ний бөхчүүдийн багийн бооцоот халз барилдаан амжилттай болж, Өвөрхангайн бөхчүүд илүүрхлээ.
Уг барилдаанд дэвжээ тус бүр улсын цолтой хоёр, аймгийн арслан /заан/ цолтой дөрвөн бөхийн бүрэлдэхүүнтэй халз барилдсан юм. Баг тус бүр хагас сая төгрөгийн бооцоо гарган барилдсан юм. Бөхчүүдийн бэлтгэл сургуулийг чамбайруулах, бэлтгэлийг чанаржуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тус барилдаанд "Хантайшир" дэвжээнээс улсын заан Б.Соронзонболд, улсын начин Б.Хишигбаатар, аймгийн арслан Д.Буянт, Б.Отгонбаатар, Т.Сайханжаргал, аймгийн заан Д.Ганцоож, аймгийн заан Х.Ариунбаатар /Б.Хишигбаатар начин гэмтсэн тул сэлгэсэн/, "Их Монголын Хүчтэн Дэвжээ"-нээс улсын харцага Х.Гантулга, улсын начин Л.Батзориг, аймгийн арслан Т.Ядамсүрэн, Ж.Наранбаатар, Б.Цэдэнсодном, Б.Лхагвадорж нар хүч үзлээ.
Барилдааны тойрог бүрд "Их Монголын Хүчтэн Дэвжээ"-ний бөхчүүд тэргүүлсээр 29:7-гоор илүүрхсэн юм. Ингэснээр нийт бооцооны 70 хувийг хүртсэн бол "Хантайшир"-ын хүчтэнүүд 30 хувийг гардав.
Мөн “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-ний бөх, улсын начин Л.Батзориг уналгүй зургаа давж, “Мөнх” спорт хөгжлийн төвийн фитнес клубт нэг сар үнэ төлбөргүй хичээллэх эрх, “Хантайшир дэвжээ”-ний бөх, аймгийн арслан Т.Сайханжаргал "Уран мэхт бөх"-өөр тодорч мөн адил шагнал хүртсэн юм.
Бөхчүүдийн даваа, унааг танилцуулахад, “Их Монголын хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд: Улсын начин Л.Батзориг 6 даваатай
Улсын харцага Х.Гантулга таван даваа, нэг унаа
Аймгийн арслан Ж.Наранбаатар таван даваа, нэг унаа
Аймгийн арслан Б.Цэдэнсодном таван даваа, нэг унаа
Аймгийн арслан Т.Ядамсүрэн дөрвөн даваа, хоёр унаа
Аймгийн арслан Б.Лхагвадорж дөрвөн даваа, хоёр унаа
“Хантайшир дэвжээ”-ний бөхчүүд: Аймгийн арслан
Т.Сайханжаргал 2 даваа, 4 унаа
Аймгийн заан Д.Ганцоож хоёр даваа, дөрвөн унаа
Улсын заан Б.Соронзонболд нэг даваа, таван унаа
Аймгийн арслан Д.Буянт нэг даваа, таван унаа
Аймгийн заан Х.Ариунбаатар нэг даваа, хоёр унаа
Улсын начин Б.Хишигбаатар гурван унаа
Аймгийн арслан Б.Отгонбаатар зургаан унаа