Холимог тулааны энэ оны цуврал тэмцээн ирэх сараас эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “MGL-1 Fight night” чансаа ахиулах 3 дугаар тэмцээнийг 2019 оны гуравдугаар сарын 02-нд Монголын хөлбөмбөгийн холбооны ордонд зохион байгуулна.
Энэхүү халз тулааны тэмцээний “Оргил тулаан”-ы өрсөлдөгчид нь Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт сувилал”, “Бэхээ дожо” клубын тамирчин Х.Төрбаяр болон “Геомандал” ХХК-ийн Гэрээт харуул хамгаалалтын алба /ГХХА/, “Ширэн бээлий клуб”, “One time club”-ийн тамирчин Э.Ганзориг нар байх юм.
Х.Төрбаярын хувьд 2017 оны “Мастер тулаанч” шоуны сорил тулаанд ээлж дараалан ялсан ч өөрийн хүсэлтээр оролцохоос татгалзсан. Шоуны төгсгөлд шоуны ялагч болсон “Ширэн бээлий клуб”-ын тамирчин Шинэчагтагатай үзэгчдийн хүсэлтээр тулалдан, шүүгчийн саналаар ялагдсан ч үзэгч олныг талцуулж чадсан юм. 2018 онд Эрдэнэт хотод болсон “MGL-1 Finghing championship” 11 дүгээр тулаанд ХСИС-ийн тамирчин Мөнхжинг КО буюу хүнд цохилтоор буулган авч, “MGL-1 Finghing championship” 12 дугаар тулаанд оролцсон ч бэртсэнээс болоод тулалдаагүй. Түүний өрсөлдөгч нь Э.Ганзориг 2017 оны “Мастер тулаанч” шоуны сорил тулаанд ялалт байгуулан гарч ирээд, эхний тойрогт ХСИС-ийн тамирчин Ц.Төгсболдод ялагдан шоуг орхисон. Тэр холимог тулаанаар эрчимтэй хичээллэж, ОХУ-ын “Байкаль ММА” холимог тулааны тэмцээнд 2 ялалт байгуулсан юм.
“Дэд оргил тулаан”-д 66 кг-д “Энгүй тал” ХХК, “Эрч клуб”-ийн тамирчин Ө.Баярмандах, тулаанч Ц.Мөнхсайхан нар халз тулалдана. Ө.Баярмандах нь 2017 оны “Мастер тулаанч шоу”-ны сорил тулаанд ээлж дараалан ялалт байгуулж, улмаар тус шоуны анхны тулаанд ХСИС-ийн Б.Даваанямд ялагдсан. Мөн 2017 оны “MGL-1 Finghing championship” халз тулаанд Ангууч гэгддэг Баттөрд ялагдсанаар түр завсарласан. Тэрбээр 2 жил бэлдсэний эцэст дахин дэвжээндээ эргэн ирж байна. Түүний өрсөлдөгч “Golden gym”, “Golden huur” ХХК-ийн тамирчин, “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн онцлог оролцогчийн нэг, төмөр шилийг хашраагч Ц.Мөнхсайхан. Тэрбээр 2018 оны сорил тулаанд өөрийн сэтгэл хөдлөлөөр, ямар ч дасгалжуулагч, бэлтгэлгүй оролцоод, 5 минутаар 3 үе бүтэн цагаа дуусгасан. Энэ амжилт нь түүнд итгэл төрүүлж, өөрийгөө дайчлан тулалдахаар шийджээ.
Энэхүү “MGL-1 Fight night” хэмээх ширүүн тулааны үеэр анх удаа охидын тулаан, хүүхдийн тулаан, сорил тулаанд шалгарсан шилдэг тамирчдын 11 халз тулаан болно.