М.Помпео Ханой хотод хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАНОЙ. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болохын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Вьетнамын нийслэл Ханой хотод хүрэлцэн иржээ.
Хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд болно. АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ. Энэ уулзалтын дүнд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн юм.
Хоёр дахь уулзалтаас Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах
асуудлаар бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэх тухай илүү тодорхой тохиролцоонд
хүрнэ гэж хоёр улсын удирдагчид найдаж байна.