Таеквондогийн таван тамирчин спортын мастер цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-26 12:38:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 28 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн таван таеквондогийн тамирчинд спортын мастер цол олгожээ.

Монгол Улсын спортын мастер хэмээх эрхэм хүндтэй цолын эзэд болсон тамирчин А.Нандинзаяа, Б.Ашим, М.Айбат, Б.Ахмарал, Е.Анар нар болон дасгалжуулагч Ш.Еруланыг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар өнөөдөр хүлээн авч уулзаж, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж өглөө.

Дээрх тамирчдын хувьд  Азийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын А зэрэглэлийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, удаа дараа медальт байранд шалгаран эх орон, аймгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа ажээ.

        Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд таеквондогийн спорт эрчимтэй хөгжиж байгаа ба тус аймгийн тамирчид 2018 онд амжилтаараа улсын хэмжээнд хоёрдугаар байрт орж байжээ. Өнөөдрийн байдлаар спортын тухайн төрлөөр гурван олон улсын хэмжээний мастер, 16 спортын мастер төрөн гараад байна

Холбоотой мэдээ