Сэлэнгэ аймгаас хүүхдийн их наадамд оролцох шатарчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-26 12:04:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд боллоо. Энэхүү тэмцээний 8, 10, 12 насны ангилалд тэргүүлсэн ангилал бүрийн эхний 20 шатарчин ирэх сарын 01-05-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохиогдох өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн ирэх 09 сард болох хүүхдийн их наадамд тус тус оролцох эрхтэй болжээ.   

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит энэхүү өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд найман сумын 6-18 насны 330 гаруй тамирчин оролцож, оюун ухаанаа сорилоо.

Энэхүү өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний 17-18 насны эмэгтэй ангилалд “Таван хан” клубын тамирчин Т.Номиндалай, эрэгтэй ангилалд Сэлэнгэ чессийн тамирчин Б.Эрхэмтулга, 15-16 насны эмэгтэйд “таван хан”-ы О.Цагаанбаяр, эрэгтэйд мөн клубын О.Энх-Амгалан, 13-14 насанд “таван хан”-ы Б.Амин-Эрдэнэ, Хөтөлийн Б.Содбилгүүн, 11-12 насны эмэгтэй, эрэгтэй ангилалд Бяцхан мастер клубын Т.Анхилуун, Мандал чессийн Х.Өлзийхишиг, 9-10 насанд  “таван хан”-ы Д.Цэлмүүн, Мандал чессийн Б.Дүүрэнхишиг, 7-8 насанд  Мандал чессийн Ц.Амин-Эрдэнэ, “Таван хан”-ы Т.Түвшинтулга нар аваргаллаа.

Мөн тэмцээний зургаа хүртэлх насны анилалд эмэгтэйчүүдээс “Таван хан”-ы Б.Норолхой, эрэгтэйчүүдээс Цагааннуур сумын Б.Энгүүнжаргал нар аваргын алтан медаль хүртлээ.

Тус тэмцээнд Олон улсын дэд мастер, 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний аварга Т.Номиндалай, олон улсын дэд мастер Ц.Амин-Эрдэнэ, ази болон дэлхий аварга шатарчин Д.Цэлмүүн нар оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгожээ. Мөн Мандал сумын тамирчин Ц.Амин-Эрдэнэ энэхүү аймгийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн зэрэг онцлог үйл явдал дүүрэн байв.

Ингээд тэмцээний тэргүүн байрт спортын мастер Ө.Бат-Очир дасгалжуулагчтай "Таван хан" шатрын клуб, удаах байрт спортын мастер Ц.Цогтгэрэл дасгалжуулагчтай "Мандал чесс", спортын мастер Р.Баянбайгаль дасгалжуулагчтай "Сэлэнгэ чесс", Спорт сургуулийн багууд шалгарч алтан медалийн эзэд боллоо.

 

Холбоотой мэдээ