Н.Пүрэвдорж: Цахим орчинд жолооны эрх сэргээнэ гэж иргэдийг залилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-22 15:12:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусдад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээдийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны тэдгээр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилсан болохоо хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн ахлах  байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодруулав.

- Цахимаар зарын дагуу эрх сэргээх, ангилах ахиулах зэрэг  ажил  үйлчилгээг төрийн байгууллагын нэрийг барьж залилан хийсэн дээрх этгээдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

- ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв нь жолооны үнэмлэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулдаг. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зарим иргэд сошиал группуудээр жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна гэж хуурамч хаяг ашиглан зар тарааж залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Үүний дагуу шалгахад иргэд цахим хаягийн цаана хэн байгааг мэдэлгүй, бусдын итгэлийг алдаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдэд  мэхлэгдэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй байна.

- Ямар  аргаар иргэдийг залилсан бэ?

- Хуурамч зараа элдэв аргаар иргэдэд итгүүлэн мөнгийг нь авч хохироосон хэрэг их байна. Иргэн Л, Г нар бүлэглэн 70 шахам иргэнийг хууран мэхлэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон  Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

- Ангилал ахиулах, эрх сэргээх, үнэмлэх олгох ажил хэрхэн явж байгаа вэ?

- Цахимаар болон зар мэдээллээр  эрх сэргээх, ангилал ахиулах ямар ч боломжгүй. Жолооны сургуульд орж, сургалтын гэрээ байгуулан, зургаан дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй сургуулиудад шалгалт өгч байж, ангилал ахиулан эрхээ сэргээнэ. Тээврийн хэрэгсэл жолоодох болон зөрчлийн оноо хасуулсан иргэд 3 цагийн сургалтад хамрагдсанаар тэнцсэн тохиолдолд манай төвөөс үнэмлэхээ авах боломжтой.

- Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй, түр үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч олон байгаа. Хэзээнээс жолооны үнэмлэхийг хэвлэх вэ?

- ЦЕГ-аас тендэр авсан компанитай гэрээ хийсэн. Жолооны үнэмлэхийг бид 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгахаар төлөвлөж байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас үнэмлэх олгож эхэлнэ. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань үнэмлэх олгож эхлэхээр Монгол шуудан компанийн захиалгын утсанд хандан авч болно. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Одоо шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 47 мянган иргэний материал ирсэн байна.

- Ард иргэдэд, юун түрүүн юуг, сэрэмжлүүлэх чухал байна вэ?

Хуурамч хаягаар төрийн байгууллагын үйл ажиллагааг хүргэдэг мэт залилан хийдэг иргэдээс болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна. Энэ төрлийн бүх үйлчилгээг манай төвөөс зохион байгуулж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх байна.

Холбоотой мэдээ