Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-21 17:22:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Европын холбооноос SECiM төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх Европын Холбооны шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын арга хэмжээ” сэдэвт сургалт өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд боллоо.

Сургалтын үеэр төслийн ахлагч, хатагтай Агрита Гроза, “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олж эрхлэхэд туслах 15 цуврал видео хичээл боловсруулаад байна. Монголд хөдөлмөр эрхлэлтийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй ажилгүй иргэн олон байна. Энэ нь Европын холбооны зарим улсад ч ажиглагддаг. Үүнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь боловсролын түвшин юм. Хөдөлмөр эрхлэх ур чадвар дутмаг учраас ажил хийх боломж, нөхцөл нь бүрдэхгүй байна. Нөгөөтэйгүүр тэрхүү орчин, нөхцөлийг нь албан байгууллагууд хангаж чадахгүй байна. Тиймээс бид хөдөлмөр эрхлэлтийн талаар сурталчилж байна” гэсэн юм.


Төслийг хамтран хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Б.Ганболд хэлэхдээ, "2018 оны судалгаагаар манай улсад хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэн 80-аад мянга байна. Тэдний 15 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн аль ч салбарт ажиллах боломжтой. Тиймээс бид аль болох олон салбарыг хамруулахыг хичээдэг. Бид ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй, ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ч дэмжин ажиллах болно” гэлээ.




Манай улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих зорилгоор 2016 оны тавдугаар сараас эхэлсэн Европын холбооны “SECiM төслийг дөрвөн жил хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн засаг даргын Тамгын газар, ХНХЯ-ны харьяа газар, Боловсролын үнэлгээний төв зэрэг байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцсон уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүй, нийгмийн хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлгээр маргааш хоёрдугаар сарын 22-нд үргэлжлэх юм. Европын холбооны Словак улсаас ирсэн олон улсын зөвлөх, сэтгэл зүйч Элена Копцова ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зочилж ажилтай нь танилцан, санал, зөвлөгөө өгөх юм.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ