Манай улс малын зарим өвчингүй эрүүл бүсийн орон болохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-20 10:55:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн удирдлага, албан хаагчид оролцсон Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ХХААХҮЯ-нд болж байна

УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд мал эмнэлгийн салбар шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын анхааралд хүрч, Монгол Улсаас мал, мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох сонирхол, хүсэлтээ илэрхийлж байна.  

Иймд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүнд учирч байгаа хориг саадыг арилгах, улмаар Монгол Улсыг малын зарим өвчнөөр эрүүл улс орон гэсэн статустай болгох нь мал эмнэлгийн салбарынхны нэн тэргүүний зорилт болохыг зөвлөгөөнд оролцогчид онцлон тэмдэглэлээ.



Мал эмнэлгийн ерөнхий газраас 2019 оныг "Малчинд ойрхон-Мал эмнэлэг" болгон зарлаж, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдийн сэтгэлд хүрэхүйц түргэн шуурхай хүргэн, мал эмнэлгийн байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.



Зөвлөгөөнийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж хэлсэн үгэндээ, "Манай яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран малын шилжилт хөдөлгөөн, гарал үүслийг мөшгих системийг улс орон даяар нэвтрүүлж байна. Мөн экспортын зориулалттай мал, амьтныг хянах хорио цээрийн байгууламжуудыг барьж байгуулах, мал, амьтны халдварт өвчнийг тандан эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, мэдээлэх, хэрэгжилтийг тайлагнах, мэдээллийн сан бий болгох зэрэг зорилтыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтыг хэрэгжүүлэхдээ манай уламжлалт нүүдлийн мал аж ахуйн онцлог, өнөөг хүртэл бий болсон уламжлал жишиг, монгол малчдын ахуй, ухамсарын дадал хэвшилтэй оновчтой уялдуулахад онцгой анхаарах нь зүйтэй юм. Өмчийн эзэн малчиддаа оновчтой үйлчилж, тэд нартайгаа хамтран ажиллаж, дэмжлэг туслалцааг нь авч байж л мал сүргээ эрүүлжүүлж, гоц халдварт өвчнөөс сэргийлж чадна” гэдгийг дурдлаа. 


Мал эмнэлгийн ерөнхий газраас 2019 оныг "Малчинд ойрхон-Мал эмнэлэг" болгон зарласан бөгөөд мал эмнэлгийн байгууллагад ажиллагсадын ажлын хариуцлага, сахилга, дэг, журмыг өндөржүүлж, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдийн сэтгэлд хүрэхүйц түргэн шуурхай хүргэн, мал эмнэлгийн байгууллагаа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл хэллээ. 

Б.Болд

Холбоотой мэдээ