Сэлэнгийн нийт нутаг хуурайшилтийн зэрэглэлд эрт шилжих төлөвтэй байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-02-20 22:48:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар өвөлдөө хур тунадас багатай байсан тул хуурайшилтын зэрэглэлд 10-20 хоногийн өмнө шилжих төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Тиймээс ард иргэд та бүхнийг хөдөө орон нутгаар аялахдаа, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг тус байгууллагуудын зүгээс анхаарууллаа.

Олон жилийн дунджаас үзэхэд өвөлдөө 8-20 мм тунадас ордог байсан бол өнгөрсөн өвөл 0-10 мм хур тунадас оржээ. Үүнийг бусад өвөлтэй харьцуулахад 1-3 мм-ээр бага буюу өвөлд орох нийт хур тундасны дөнгөж 40 хувьд хүрсэн гэнэ. Сэлэнгэ аймгийн нутагт өвөлдөө 20 мм хүртэл цас унадаг аж. Өнгөрсөн жилийн тухайд 10 мм цас унажээ. Хамгийн их цас Хүдэр, Бугант суманд орж, уулаараа 10 орчим мм цас унасан байна. Харин бусад сумын нутгаар 0-5 мм цас оржээ.

Өнөөдрийн хувьд дээрх сумдад 6-8 мм цастай байгаа гэнэ. Харин Сүхбаатар, Цагааннуур, Зүүнбүрэн, Мандал, Ерөө сумдын нутгаар цасгүй болжээ. Энэ байдлаараа дулаарах юм бол ирэх сарын 10 гэхэд Сэлэнгэ аймагт цасгүй болох төлөвтэй байгаа ажээ. Энэ сард өнөөдрийн байдлаар 0-4 мм хур тунадас орсон байгаа бөгөөд ирэх 22-оос 23-нд шилжих үеэр бага зэрэг буюу 0-1 мм хур тунадас орох төлөвтэй байгаа ч энэ нь олон жилийн дунджид хүрэхээргүй байгаа гэнэ. Энэ өвлийн агаарын дундаж температурыг ОЖД-тай харьцуулахад харьцангуй тогтвортой байсан хэдий ч нэгдүгээр сарын сүүлийн 10 хоног, хоёрдугаар сарын эхний 10 хоногуудад хүйтний эрч эрс чангарч Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ мөрний ай савуудад шөнөдөө 37-42 хэм хүрч хүйтэрчээ. Харин энэ сарын 15-наас хүйтний эрч суларч нийт нутгаар цаашид нэмэх хэм рүү орох төлөвтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Зүүнбүрэн, Цагааннуур, Ерөө, Мандал, Сүхбаатар сумдын цасан бүрхүүл бүр мөсөн арилж хуурайшилтын байдалд шилжиж байгаа тул хөдөө хээр аялахдаа болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс анхааруулж байна. Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Хуяг:”Манай аймгийн хувьд маш эрт хуурайшилт эхэлж байна. Иймээс иргэд өөрсдөө маш болгоомжтой аялж явах хэрэгтэй. Ялангуяа машин унаатай явж байгаа хүмүүс машины цонхоор татсан тамхиныхаа ишийг ихээр хаядаг. Энэ нь ой хээрийн түймэр гарах шалтгаан болж эрсдэл үүсгэдэг” гэлээ. Аймгийн УЦУОШГ-ын мэргэжилтэн О.Ганбат:Энэ жил манай аймгийн хувьд цас багатай, дулаан байгаа учраас 10-20 хоногийн өмнө хуурайшилт эхлэх төлөвтэй байна. Иймээс ой хээр, аялал зугаалгаар явахдаа болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулья хэмээн ярилаа.  

Холбоотой мэдээ