Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 19 хууль, тогтоолын төсөл хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-19 18:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо есөн удаа хуралдаж, 19 хууль, тогтоолын төсөл хэлэлцжээ.

Мөн харъяалах яам, агентлаг, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл гурван удаа сонсож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх  хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулжээ. Түүнчлэн “Ургац хураалтын явц, хэрэгжүүлж буй ажил”, “Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамж”-ийн талаар ХХААХҮ-ийн сайд, “Агаарын бохирдлыг бууруулах талаар” БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өгсөн байна.

Намрын чуулганы хугацаад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар Засгийн газарт  чиглэл өгснөөс гадна Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулав. Ерөнхий хяналтын сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, БОАЖ-ын сайд, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, ажлын албаны албан хаагчид, яам, агентлагийн холбогдох албан тушаалтнууд, Шинжлэх ухааны академи, иргэд, төрийн бус байгууллага, компанийн 100 гаруй төлөөлөгч оролцжээ.

Холбоотой мэдээ