МАН-аас С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг гарсанд тооцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-19 12:34:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Хяналтын хороо өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мѳнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргажээ.

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар, “МАН-ын дарга У.Хүрэлсүх нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө анхаарч ажиллахаа зарласан. Үүнийг намын гишүүдээсээ эхлэх зорилт дэвшүүлсэн. 2016 оны сонгуулийн дараа “60 тэрбум”-ын гэх хэрэгт МАН-ын нэрийг холбож, хариуцлага алдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох ёстой гэсэн дүгнэлтийг 2018 онд Хяналтын ерөнхий хороо гаргаж байсан. Манай нам хэн нэгнийг намаас хөөх шийдвэр гаргадаггүй. Харин намын дүрэмд Хяналтын Ерөнхий хороо МАН-ын гишүүнээс гарсанд тооцох тухай асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд МАН-ын гишүүн Ц.Сандуй,  С.Мөнхчулуун нарыг намын гишүүнээс гарсанд тооцох шийдвэр өчигдөр буюу энэ сарын 18-нд гаргалаа. Тухайлбал, 2016 онд Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Сандуй намын дүрэмд заасан “намын нэр хүндэд сэв суулгахгүй байх, намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан нь хуулийг чанадлан сахиж, аливаа явцуу үйлдлийн нөлөөнд автахгүй байх, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзлээ. Харин С.Мөнхчулуун нь МАН-ын дүрмийн “Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан нь хуулийг чанадлан сахиж, аливаа явцуу үйлдлийн нөлөөнд автахгүй байх, намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, удирдах шатны байгууллагуудын шийдвэрийг зөрчихгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэлээ.

Холбоотой мэдээ