Энэ сарын 23-нд "LEADing Erdenet" арга хэмжээ болно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-02-20 22:16:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Lead Mongolia” хөтөлбөрийн Төгсөгчдийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбоо хамтран энэ сарын 23-нд Орхон аймагт анх удаа "LEADing Erdenet" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд  хүүхэд, залуучуудад зориулж ур чадвар, манлайлал, эерэг хандлагын талаар нээлттэй ярилцах юм. Тодруулбал,  "Хөрөнгийн зах зээл энгийн үгээр", "Манлайлагчдын гараа"- Toastmasters, "Монголчуудын англи хэлний төвшин ба түүнийг дагах боломжууд", "Орчин үеийн ажлын талбар танаас юу шаардаж байна вэ?", "Залуусын хөгжил" зэрэг илтгэлүүдийг танилцуулах ажээ.

LEAD Mongolia хөтөлбөр нь эх орондоо эерэг өөрчлөлт авчрах хүсэлтэй 25-40 насны залуусыг шалгаруулж цогц сургалтанд хамруулж манлайлах ур чадвар, нийгэм дэх иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл дээр ажиллах зэрэг олон боломж олгодог юм.

Тус хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 200 гаруй залуус Монгол болон АНУ-д энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна.

 

Холбоотой мэдээ