Монгол бичгийн дугуйлан хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-19 13:15:47

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ард иргэдийн Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бичгээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол бичгийн дугуйлан хичээллүүлэх гэж байна. Уг дугуйлан нь насанд хүрэгчдэд, сурагчдад зориулсан сургалт гэсэн хоёр үндсэн багцтай байна. Насанд хүрэгчдэд зориулсан сургалт нь 18-35 насны иргэдэд монгол бичгийн боловсрол олгох анхан шатны сургалт 30 цаг, монгол бичгийн түвшин ахиулах сургалт 30 цаг, монгол бичгийн гүнзгийрүүлсэн шатны сургалт 30 цагийн хичээл тус тус орох аж. Харин Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт нь монгол бичгийн хоцрогдол арилгах 30 цаг, монгол бичгээр алдаагүй цэвэр бичих, унших 30 цаг, монгол бичгийн түвшин ахиулах 30 цагийн хичээл тус тус орох аж. Сургалтыг монгол хэл, уран зохиолын заах аргач багш Д.Баярхүү заах юм байна. Сургалтын бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх аж.

Увс аймгийн монгол хэл, бичгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Монгол бичгийн клубаас 5 дахь жилдээ монгол бичгийн боловсрол олгох сургалт явуулж байна. Насанд хүрэгчид 20 мянга, хүүхэд 10 мянган төгрөгөөр энэ сургалтад хамрагдах юм” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Ариунаа хэллээ.

 

Холбоотой мэдээ