Уран зургийн дугуйлангийн хүүхдүүд хоёр дахь үзэсгэлэнгээ гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-17 10:57:06

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн “Урлахуйн ухаан” уран зургийн дугуйлангийн хүүхдүүд “Нарны инээд” нэртэй үзэсгэлэнгээ ирэх гуравдугаар сарын 6-12-нд гаргахаар бэлтгэл ажилдаа орсон тухайгаа зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тус дугуйлан нь анх 2018 оны дөрөвдүгээр сард аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 70 гаруй хүүхдийн жилийн турш зурсан бүтээлүүдээр уран зургийн үзэсгэлэнг гаргах гэж байна. "Манай дугуйлан нь байгуулагдсан цагаасаа хойш 12 ээлжийн 144 удаагийн хичээлээр 4-16 насны нийт 200 гаруй хүүхэд багачуудад уран зургийн анхан болон дунд, гүнзгий шатны сургалтыг явуулсан байна.  “Бидний ертөнц” нэртэй 400 гаруй зургийн хамтарсан үзэсгэлэнгээ Улиастай болон хөдөөгийн сумдад гаргаж үе тэнгийнхэн болон насанд хүрэгчдэд үзүүлсэн. Энэ удаагийн “Нарны инээд” үзэсгэлэн нь дугуйлангийн зураач хүүхдүүдийн бүтээлүүдээр дэглэсэн хоёр дахь хамтарсан үзэсгэлэн бөгөөд тасралтгүй явуулж ирсэн үйл ажиллагаагаа дэлгэн харуулж буй ээлжит тайлан юм. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж өнгөрсөн зургадугаар сараас эхлэн сүрлэн сүлжмэлийн ангийг нээсэн ба “Байгальд ээлтэй амьдрая” уриатайгаар хаягдмал материал ашиглан цаасан сүлжмэл, гар урлалын бүтээлүүдийг урласан байгаа. Эдгээр урлалууд ч мөн үзэсгэлэнд тавигдана. Жил бүр нэгээс хоёр удаа үзэсгэлэн гаргах уламжлалыг бий болгож байгаа нь олон зорилготой юм. Юуны өмнө хүүхэд багачууд өөрсдийн бүтээлүүдээр дамжуулж авьяас чадвараа таниулах, олон нийтэд урлагийн гоо зүйг мэдрүүлэх, эерэг зөв хандлагыг нийгэмд бий болгох, үе тэнгийнхэндээ үлгэр дууриал үзүүлэх, зураач, бүтээлч хүүхдүүддээ урам өгөх, тэдний бүтээлийг сурталчлах, танилцуулах зорилготой юм. хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Мөн энэ жил “Яргуй” хүүхдийн урлагийн их наадамд дүрслэх урлагийн төрлийг оруулж, хөгжүүлэх, дүрслэх урлагаар дамжуулж иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгыг давхар биелүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь дугуйлангийн зураач, Жавхлант цогцолбор сургуулийн 11б ангийн суралцагч Х.Дашцэрмаагийн “Нахиалж буй мөрөөдөл” анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнг хамтатган гаргаж буй явдал юм. Үзэсгэлэн Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын урлагийн бага танхимд 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдөр нээгдэнэ хэмээн тус тус мэдээллээ. 

Холбоотой мэдээ