Завханы Алдархаан сумыг шинэчлэх төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-15 10:44:41

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Алдархаан сумыг шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Тус сумыг Завхан аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болгож хөгжүүлэх нь аймгийн хөгжлийн бодлогод нийцэх учраас сумыг эдийн засгийн хувьд бие даасан аж ахуйн нэгж болгон хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачлан сумын ЗДТГ хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд 2019-2020 онд зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн хөрөнгийн санхүүжилтээр бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа байна. Алдархаан сум нь баруун бүс нутгийг хөгжүүлэх Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд БНХАУ-Говь-Алтай-Улиастай-ОХУ-ын хилийг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын трассын дагуу байршдаг. Аймгийн төвд хамгийн ойрхон, нисэх буудлын дэргэд байрладаг онцлогтой сум юм. Алдархаан сум нь байгуулагдсан үеэсээ Улиастай хотын иргэдийг хүнсний ногоо, мах, сүү, жимс жимсгэнэ, гахай тахианы мах, өндөг зэргээр хангаж байсан. Усалгаатай газар тариалан хөгжсөн уламжлалт мал аж ахуйн гаралтай төрөл бүрийн түүхий эдийг боловсруулах, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум байжээ. Тиймээс цаашид тус сумыг Завхан аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болгож хөгжүүлэх нь аймгийн хөгжлийн бодлогод нийцэх учраас сумыг эдийн засгийн хувьд бие даасан аж ахуйн нэгж болгон хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачлан тус сумын ЗДТГ хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд 2019-2020 онд зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн хөрөнгийн санхүүжилтээр бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа ажээ.Алдархаан сумыг шинэчлэх төслийн зөвлөхөөр Дундговь аймгийн Гурвансайхан сумыг шинэчилсэн төслийн баг ажиллаж буй юм байна.  

Гурвансайхан сумынхан зөвлөхөөр ажиллаж байна

Алдархаан сумыг шинэчлэх төслийн зөвлөхөөр Дундговь аймгийн Гурвансайхан сумыг шинэчилсэн төслийн баг ажиллаж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” сум төсөл хэрэгжүүлж 18 аймгийн 19 сумыг хамруулсан. Харин Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан Засгийн газраас хэрэгжүүлсэн энэ төсөлд хамрагдаагүй боловч өөрсдөө санаачлан төсөл боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан бүтээн байгуулалт өрнүүлжээ.

Тус сумын бүтээн байгуулалт улсын хэмжээнд жишиг болж, бараг бүх аймаг, сумаас ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан нь очиж үзэж танилцсан гэнэ. Мөн УИХ-ын гишүүд ч тойргийнхоо сумдад жишээ болгох гэж Гурвансайханыг зорьсон нь олон ажээ. Түүний нэгэн адил Алдархаан сумаа шинэчлэх гэж зорьж буй төслийн багийнхан ч мөн адил тус сумыг зорьж нүдээр үзэж туршлага судалжээ. Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан сумаа шинэчлэх төсөлдөө “Мөрөөдлийн төсөл”  гэж нэр өгөөд  2014 оны хоёрдугаар сарын 15-наас хойш гурван сарын турш бүх хагас, бүтэн сайн өдрүүдэд иргэд болон төсөл хөтөлбөр, мэргэжлийн улсуудтай зөвлөлдөх уулзалт  хийдэг байжээ. Ийнхүү тэд  эдүгээ гурван километр авто болон явган хүний замтай, нарны энергиэр ажилладаг гэрэлтүүлэгтэй, цэвэр, бохир, дулааны шугамтай, 50 шоо метр багтаамж бүхий цэвэрлэх байгууламж, уурын зуухтай, угаалгын газар, халуун ус, спорт цогцолбор, жижиг дунд  үйлдвэрийн төвтэй, шинэ сургууль, цэцэрлэг, 12 айлын орон сууцтай болсон байна. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан сургуулийн барилгаас бусад нь дээрх залуучуудын санаачилсан “Мөрөөдлийн төсөл” буюу Шинэ сумын төв төслийн хүрээнд баригджээ. Түүгээр ч барахгүй энэ бүх бүтээн байгуулалт нэг удаагийнх биш. Гурвансайхан сумын мянгат малчид нэгдэн Мянгатын сан байгуулан жил бүр сая сая төгрөгийг уг сандаа төвлөрүүлэх болсноор хөрөнгийн эх үүсвэр бий болжээ. Сан анх байгуулагдахад сумын хэмжээгээр 60 мянгат малчин байсан бол эдүгээ 80 мянгат малчинтай болж. Өөрөөр хэлбэл жил бүр Мянгатын санд 80 сая төгрөг төвлөрнө гэсэн үг. Энэ мөнгөөрөө юу хийх вэ гэдгээ иргэдтэйгээ ярилцан шийддэг болсон тухайгаа Гурвансайхан сумын мөрөөдлийн төслийн багийнхан дуулгалаа. Тиймээс төлөвлөгөөний дагуу төслийг үр дүнд хүргэхээр зорьж ажиллаж буй Завхан аймгийн Алдархаан сумын төвийг шинэчлэх багийнхан: “-Бид сумын төвийн шинэчлэлээ алсын хараатай төлөвлөж, гудамж, зам, инженерийн дэд бүтэц, шинэ суурьшлын болон аж үйлдвэрийн бүсүүдийг бий болгож сумандаа аятай тухтай, ажлын байртай, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаг орчин үеийн шинэ сумын төв болгож хөгжүүлэх зорилгоо ажил хэрэг болгоно оо. Цаашид Улиастай хотын дагуул хот, аялал жуулчлал, аж үйлдвэрийн төв болгохоор төлөвлөөд байгаа” хэмээв. 


Холбоотой мэдээ