Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ачаа тээвэрлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-13 21:44:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобуснууд өнөөдрөөс зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ачаа тээш тээвэрлэхгүй байхаар болжээ.

Уг асуудлаар аймгийн Засаг дарга А.Гылымхан болон Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн холбогдох албан тушаалтнууд дээрх чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Газрын-Од” ХХК, “Цэнгэл-Транс” компаниудын төлөөлөл, жолооч нартай өчигдөр уулзалт хийж тохиролцсон байна.

"Манай аймагт хүн тээвэрлэх тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэдэг зөрчил байнга гарч байгаа. Үүнтэй холбогдуулан иргэдээс гомдол ч их ирдэг. Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулах дээрх асуудлыг таслан зогсоохоор ажиллаж байна. Холбогдох хүмүүстэй хамтран эргүүл хийж, зөрчил гаргасан жолооч, аж ахуйн нэгжүүдийн эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна" гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан мэдэгдлээ.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 тоот тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм"-ийн дагуу улс, хот, аймаг хооронд орон нутгийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр 60х40х20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 20 кг хүртэл жинтэй гар тээшийг үнэ төлбөргүй тээвэрлэхээр заасан байдаг. Дээр заасан хэмжээнээс хэтэрсэн ачааг зохих хөлсийг төлүүлэн тээвэрлэх бөгөөд тэр нь авто тээврийн хэрэгслийн даац, багтаамжаас илүү гарах ёсгүй ажээ.

Холбоотой мэдээ