Баян-Өлгийд 14 мянга орчим мал хээл хаяжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-13 13:07:25

           Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт оны эхэнд 914738 толгой хээлтэгч тоологдсоноос энэ сарын 12-ны өдрийн байдлаар 13580 хээлтэгч хээл хаясан гэсэн судалгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан байна.

                Үүнээс Цэнгэл суманд хамгийн их буюу 3846 толгой, Булганд 2300 толгой, Баяннуурт 1836 толгой, Толбод 1520 толгой мал хээл хаяснаас ихэнхийг нь ямаа эзэлжээ. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар ихэнх нутгаар бэлчээр цасанд дарагдаж, мал бэлчих боломжгүй болсон, хүйтний эрч сулрахгүй байгаа зэрэг хүчин зүйл хээл хаяхад  нөлөөлсөн байна.

            Түүнчлэн аймгийн хэмжээнд 9676 толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд 980183 толгой мал цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн нутгуудад өвөлжиж байгаа аж. Одоогоор тус аймгийн 13 сумын 55 багт өвөлжилт хүндэрч, малын хорогдол, хээл хаялт нэмэгдэх хандлагатай байгаа тул өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж нөхцөл байдлыг хэлэлцжээ.

        Хуралдаанаар Мал хамгаалах сангаас 193 тонн өвс, 119 тонн тэжээлийг сумдад хямдралтай үнээр /тэжээлийг 18900 төгрөгөөр, боодол өвсийг 4500 төгрөгөөр/  олгохоор шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ