Багш У.Марта Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-17 10:36:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын "Бастама" сургуулийн англи хэлний багш У.Марта өнгөрсөн сараас Австрали Улсын Мельбурн хот дахь Монашийн Их Сургуульд магистрын сургалтад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж эхэлжээ.  

 Тэрээр 2018 онд "Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр"-өөс зарласан академик IELTS шалгалтад тэнцэн зохих шаардлагуудыг хангаснаар гэр бүлээрээ Австрали улсад очиж суралцах тэтгэлгийн эзэн болсон байна. Тухайн хугацаанд түүний сургалтын төлбөр, гэр бүлийн хүмүүсийн ирж очих замын зардал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, тэнд байх хугацаан дахь хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр, сар бүр олгох тэтгэлэг зэргийг тэтгэлэг олгогч тал бүрэн хариуцдаг байна. 

"Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар манай улсаас 1000 орчим хүн бүртгүүлснээс 39 хүн тэнцсэн. Үүнээс эхний 10 хүн Австралид өнгөрсөн сарын долооны өдрөөс хичээлдээ ороод байна. Энд ирэхээсээ өмнө хоёр сарын турш МУИС-д бэлтгэл сургалтад суулаа. Орчин цагт боловсрол эзэмшихэд хүний нас, орон зай хамаагүй болсон. Залуучууд маань байгаа боломжуудыг ашиглаж дэлхийн өнцөг булан бүрд мэдлэгээ дээшлүүлээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаасай" хэмээн тэрээр хэлж байна. 

Магистрын сургалт нь нийтдээ 1,8 жил үргэлжлэх бөгөөд боловсролын удирдлага ба бодлогын чиглэлээр суралцах гэнэ.     

Дашрамд дурдахад, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд жил бүрийн хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд цахимаар өргөдөл гарган бүртгүүлэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ