Тусламж нэвтрүүлэх замуудыг нээнэ хэмээн Х.Гуайдо амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-10 11:55:08

КАРАКАС. /BBC/. Венесуэлийн иргэдэд хүргэх хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх замуудыг нээнэ хэмээн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо амласан байна.


Өнгөрсөн сард өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Х.Гуайдо уг ажилдаа туслахыг сайн дурынханд уриалаад, түүний төлөвлөгөө ирэх долоо хоног гэхэд бэлэн болно гэж мэдэгджээ.


Гэрэл зураг болон дүрс бичлэгүүдээс үзэхэд Венесуэл-Колумбийн хилийн гүүрийг цэргийн албан хаагчид хаасан байгаа юм. Засгийн газрын төлөөлөгч Фредди Берналийн мэдээлснээр, үндсэн хуулийн дагуу бид улсынхаа хилийг энх тайвнаар хамгаалах эрх, үүрэгтэй ажээ. Мөн тэрбээр Х.Гуайдог хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зэмлэн буруушаасан байна.


Түүнчлэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гадаадын орнуудаас хүмүүнлэгийн тусламж авахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.


Өнгөрсөн долоо хоногт мөн “Симон Боливар” олон улсын гүүрийг нефть тээвэрлэгч болон ачааны чингэлэгүүдээр хаасан бөгөөд баасан гарагийн байдлаар цэргийн албан хаагчид хамгаалалтад гарсан хэвээр байжээ.

Холбоотой мэдээ