Малчдад туслах, өвс тэжээл олгох ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-15 16:21:25

 Дорноговь аймгийн аюулгүйн нөөцөд  52.6тн өвс, сумдын  аюулгүйн  нөөцөд 100,3 тн өвс, малчдын нөөцөнд 1424 тн өвсний нөөц байгаа бөгөөд аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг малчдад олгох ажлыг албаныхан зохион байгуулж байна.

Мөн зарим сумд хаваржилттай холбогдуулан төлийн өвс татан нөөцлөх ажлыг хийж буй. Улсын Онцгой комиссын шийдвэрээр  цагаан зудтай болон зудархуу  ангилалд багтсан Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ Сайхандулаан, Өргөн сумын нутгаар цасны зузаан багасаж хаваржилт хэвийн болох нөхцөл бүрдэж байгаа ч отрын мал олон тоогоор өвөлжсөн Өргөн, Эрдэнэ сумын зарим хэсгээр бэлчээр талхлагдаж хаваржилт хүндрэх төлөвтэй болжээ.

Тиймээс аймгийн ЗДТГ-аас санаачлан “Малчдад туслах аян”, мөн аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас "Нэг санхүүч-нэг боодол өвс" зэрэг аяныг зохион байгуулж малчдад шаардлагатай малын элгэвч, нэмнээ, дулаан хувцас, лаа, чүдэнц, сармис, малын эрдэст тэжээл зэрэг нэн шаардлагатай зүйлсийг цуглуулах, хүргэх ажлыг зохион байгуулж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ