Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЗГХЭГ-ын даргад нэр дэвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-01 15:41:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрыг хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын даргаар сонгогдож, үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх болжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежмент, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Улмаар 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг Боловсрол судлалын магистр, 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Улс төр судлаач, 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалсан юм.

Тэрбээр 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, 2006 онд “Дэлхийн зөн Монгол” байгууллагын Бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ