Цэнгэл сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолонд хордсон тохиолдол гараагүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-01 13:16:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүд хоолонд хордсон тухай мэдээлэл зарим сайтуудад гараад байгаа. Уг асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад дээрх мэдээллийг няцаав.

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч О.Лхагважавын тайлбарласнаар тухайн мэдээлэл Цэнгэл сумын Тува бага сургуультай холбоотой бөгөөд тус сургуулийн дотуур байранд  өнөөдрийн байдлаар долоон хүүхэд байгаа аж. Дотуур байранд нийтдээ 40 хүүхэд амьдардаг ч бусад хүүхдүүд сар шинийн баяртай холбоотой гэр лүүгээ явсан байна.

"Дээрх долоон хүүхдээс зургаан настай О өвдөж эмнэлэгт хэвтэн тав хонож байгаа. Түүний хувьд хоолны хордлого биш томуу, томуу төст өвчний шинжтэй өвчнөөр өвчилсөн бөгөөд биеийн байдлаар нь сайн, өнөө маргааш эмнэлгээс гарна. Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газраас Тува бага сургуулийн үлдсэн зургаан хүүхэд болон тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд сумын Эрүүл мэндийн төвийн эмч нараар үзлэг хийлгэсэн. Хүүхдүүдийн дунд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол илэрээгүй" гэж тэрээр хэллээ.

Худал таашаа мэдээлэл тарж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран залруулга хийхээр болсон байна.  

Холбоотой мэдээ