Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг МАН-ын бүлэг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргаар Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэх санал ирүүлснийг бүлэг дэмжлээ. Мөн бүлэг цаашид эв нэгдэлтэй байж, шударга ёсыг тогтоох, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох талаар санал солилцсон” хэмээв.
Уг асуудлыг маргааш буюу ирэх сарын 01-нд Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
Г.Занданшатар нь 1987 онд 10 жилийн 77-р дунд сургуулийг төгссөн байна. Мөн1992
онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг
төгсжээ. Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес
судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө
Аж Ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн
менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол Банкны Сургалтын төвийн
менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 2000-2003 онд ХААН банкны Дэд захирал, 2003-2004
онд ХХАА-н дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012
онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал
Хуулийн засаглалын хүрээлэнгийн судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын
даргаар ажиллаж буй юм.