Авлигын эсрэг хууль зөрчсөн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-30 17:27:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ буруу мэдүүлсэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарав.

АТГ-аас явуулсан хяналт шалгалтаар дээрх албан тушаалтны 2016, 2017 оны ХОМ-т ноцтой зөрчил илэрсэн тул нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад авлигын эсрэг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөх албан бичиг хүргүүлсэн.

Гэтэл тус байгууллагын даргын тушаалаар тэдгээр албан хаагчийн гурван сарын цалинг 30 хувиар бууруулах арга хэмжээ тооцсон нь авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангаагүй гэж үзээд, АТГ-аас Нийслэлийн  засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлсэн юм. 

Уг албан бичгийн дагуу нийслэлийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн дээрх албан тушаалтнуудыг ирэх сарын 11-ний өдрөөс ажлаас нь чөлөөлөхөөр болов.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл өөрийн өмчлөлд бүртгэлтэй 1001.9 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий 100.3 сая төгрөгөөр үнэлсэн орон сууц, гэр бүлийн өмчлөлд бүртгэлтэй 5.5 сая төгрөгийн үнэтэй "Toyota Harrier" маркын автомашин, 2017 онд автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлого зэргээ ХОМ-т бөглөөгүй аж. Мөн гэр бүлийн гишүүнийхээ Улаанбаатар хотын банк дахь хадгаламжийн үлдэгдлээ мэдүүлээгүй зөрчил илэрчээ. Мөн тэрбээр өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг "Дөлгөөн барс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад хэлбэр төдий шилжүүлсэн буюу тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь тогтоогджээ.

Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа өөрийн өмчлөлд бүртгэлтэй Lexus RX 350 маркын автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлого, Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлээ мэдүүлээгүй бөгөөд үйл ажиллагааны орлого хэсэгт үндэслэлгүйгээр 50 сая төгрөгийн илүү орлого мэдүүлсэн нь тогтоогджээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгөө түрээслэсэн 36 сая төгрөгийн орлогоос 24 саяыг нь мэдүүлээгүй аж. Мөн "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй аж.

Авлигын эсрэг хуулиар нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах зохицуулалттай.



Холбоотой мэдээ